Алдартан: Уэйн Гретцки дахин нэг рекорд тогтоов

1262

Домогт хоккейчин Уэйн Гретцки их спортоо орхисон ч дээд амжилтаа тогтоосоор явна. NHL дэх замналаа өндөрлөхдөө 61 рекордын эзэн болсон У.Гретцкигийн шинэ тоглогчийн танилцуулга бүхий картыг дуудлага худалдаанд оруулжээ.

У.Гретцки 1979 онд “Эдмонтон Ойлерз” багт драфтлагдсан. Тухайн үед хэвлэгдсэн шинэ тоглогчийн картыг дуудлага худалдаанд оруулж, 1.29 сая ам.долларын үнэ хүрчээ. Энэ нь хоккейн тамирчдын хувьд дээд амжилт юм. Өмнөх рекордыг мөн л У.Гретцки эзэмшдэг. Түүний шинэ тоглогчийн танилцуулга бүхий өөр нэг карт 2016 онд дуудлага худалдаагаар 465 мянган “ногоон”-ы үнэ хүрч байв.

1.29 сая ам.долларын үнэ хүрсэн карт

Энэ жил 59 настай У.Гретцки замналынхаа турш “Эдмонтон Ойлерз”, “Лос Анжелес Кингз”, “Сэйнт Луис” болон “Нью Йорк Рэйнжерс” багт тоглохдоо Стэнлийн цомыг дөрвөн удаа (1984, 1985, 1987, 1988) хүртсэн. Түүнчлэн NHL-д 1487 тоглолтод оролцож, 2857 оноо (894 гоол, 1963 дамжуулалт) авсан амжилтаар бүх цаг үед тэргүүлдэг билээ.