БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

1471

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC холбооны дэлхийн аварга, цол, бүсийн төлөө АНУ-ын Гэри Рассельтай 2020 оны хоёрдугаар сард тулалдан оноогоор ялагдаж байсан “King Tug” Нямбаярын Төгсцогт өнгөрсөн есдүгээр сард мэргэжлийн боксын рингэнд ялагдал амсаагүй явсан Барбадосын Кобиа Брийдиг оноогоор ялан дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийг дахин хүртсэн билээ.

Ийнхүү манай Төгсөөд Гэри Расселиас даагаа нэхэх, улмаар мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны ( WBC, WBA, IBF, WBO) нэг WBC холбооны дэлхийн аварга болох боломж, үүд хаалга дахин нээгдсэн билээ.

Монголын мэргэжлийн боксчдоос өмнө ганцхан Дугарбаатарын Лхагва WBA холбооны аварга цолыг 1999, 2004 онд хоёронтаа хүртэж байсан юм.

Сэтгүүлчийн нэмэлт

Төгсөөгийн жинд дэлхийн аваргын цол , бүсийг эзэмшдэг “Бага” Гэри Рассель 2015 онд анх WBC холбооны дэлхийн аварга болж, түүнээс хойш 5 жилд ердөө тавхан удаа л рингэнд гарсан нэгэн. Холбооноос нь түүний цолыг хураана (удаан цолоо хамгаалах тулаан хийхгүй бол холбоо нь цолыг хураадаг журам бий) хэмээн шахалт үзүүлж байж Төгсцогттой өнгөрсөн жил тулалдуулсан. Төгсөөг оноогоор ялж, дэлхийн аварга цолоо тав дахь удаагаа хамгаалсан, 32 настай (32 тулаан, 31 ялалт (18 КО), 1 ялагдал) “Мистер” аварга маань «уламжлал» ёсоор рингэнд дахин гараагүй хэвээр өнөөдрийг хүрсэн юм.

Тэрбээр жин өгсөх тухай ярьж, дээд жингийн дэлхийн аварга Жервонта Дэвис, Дэвин Хейни, тэр ч бүү хэл “босоо” аварга Теренс Кроуфорд нартай тулалдах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч амжилт олоогүй билээ. Мэдээж манай “Кинг Туг” -тай дахин тулалдахыг нэг их хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Ийнхүү “амаараа” тулалдсаар Рассель аварга дахин нэг жилийг үдэх нь тодорхой болсон тул WBC холбоо түүнийг дахин “шахаанд” оруулахаа мэдэгдлээ.

Гэхдээ энэ удаад манай Төгсөөтэй шууд тулалд гэж шахаж чадахгүй. Учир нь «шахалтаар» ч гэсэн Рассель Төгсөөтэй тулалдаагүй биш тулалдсан. Тиймээс ч WBC холбоо Расселийг Мексикийн Рей Варгастай тулалдахыг шаардсан тухай WBC холбооны босс Маурисио Сулейман өчигдөр (2020.01.15) мэдэгдлээ. Магадгүй энэ тулаан болоод Варгас Расселийг ялсан тохиолдолд Төгсцогттой дараа нь тулалдах боломж өндөр. Рассель Төгсөөтэй тулалдахаас татгалзаж болно, харин Варгасаас татгалзах шалтгаан байхгүй.

Тэгвэл Рей Варгас гэж хэн бэ?

Рей Варгас бол өдгөө 30 настай Мексикийн боксчин. Мэргэжлийн боксын рингэнд 34 тулаан хийхдээ нэг ч ялагдаж үзээгүй, 22 удаа өрсөлдөгчөө нокаутаар ялсан амжилттай. 2017 онд анх WBC холбооны 55 кг-ийн жинд дэлхийн аварга болж, түүнээс хойш 2019 хүртэл цол, бүсээ таван удаа хамгаалсан. Харин 2019 оны зургадугаар сараас хойш тулаан хийгээгүй тул холбооноос өнгөрсөн есдүгээр сард түүний жинд шинэ дэлхийн аварга тодруулах тулаан хийхэд Варгасын нутаг нэгт Луис Нэри шинэ дэлхийн аварга болсон билээ.

Ингээд хэдийгээр ялагдаагүй ч цолоо хамгаалах тулаан удаан хугацаанд хийгээгүй Варгас дэлхийн аварга цолоо алдсан тул жин өгсөн 57,2 кг-ийн жинд орж ирлээ.

WBC холбоо ч шинэ жинд орж ирсэн, “ босоо” аваргыг (аварга цолоо 2 жилийн дотор 5 удаа хамгаалсан) хүндэтгэн үзэж, бидний сайн мэдэх “залхуу” аварга Рассельтай тулалдуулах шийдвэр гаргасан нь ийм учиртай.

Ингээд манай Төгсөөд хүлээх л үлдлээ дээ.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин, “Таван цагариг