Жүдо: М.Уранцэцэгийн гурван жил хүлээсэн алт

1994

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) – ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Ташкентын Их Дуулгын эхний өдөр манай жүдочид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д нийт 27 жүдоч хүч сорьсон. Мөнхбатын Уранцэцэг шигшээд Японы Нацүми Цүнадог иппоноор ялснаар бүх тэмцээнийг оролцуулаад 20 дахь алт, Их Дуулгын зургаа дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр 2018 оны аравдугаар сард Абу Дабигийн Их Дуулгад түрүүлснээс хойш бараг гурван жилийн дараа дахин алтан медаль зүүлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг жингийн медальтнууд
Эрэгтэйчүүдийн 66 кг жингийн медальтнууд

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр гэмтлийн улмаас финалд Японы жүдоч Юта Абэтэй барилдаагүй юм. Энэ жил 19 настай, Залуучуудын олимпын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам IJF-ийн цуврал тэмцээнээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байна. Тэрбээр 2019 оны Дюсселдорфын Их Дуулгад анх удаа медалийн тавцанд гарсан бол яг нэг жил гаруйн дараа дахин мөнгөн медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ёндонпэрэнлэйн Басхүү БНСУ-ын алдарт жүдоч Ан Баултай финалдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Ё.Басхүү өмнө нь Их Дуулга тэмцээнээс дөрвөн хүрэл медаль зүүж байсан бол анх удаа финалд үлдсэн нь энэ юм.