Фото: Усны хувцастай цаначид фестивал болов

2161

ОХУ-ын Сочи хотноо нэгэн сонирхолтой фестивал боллоо. “BoogelMoogel” цанын фестивал Сочигийн олимп болж байсан Роза Хутор баазад олон мянган усны хувцастай, цаначид цугларсан юм. Энэ сонирхолтой гэмээр арга хэмжээ гурав дахь жилээ Сочид зохион байгуулагдав. Хоёр жилийн өмнө анх удаа зохион байгуулагдахад 1008 оролцогч уг арга хэмжээнд оролцож, гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн.

Зохион байгуулагчдын зүгээс нэг дор 2000 орчим хүн усны хувцастай цанаар гулгана гэж амласан. Гэвч цаг агаарын тааламжгүй байдал тэдний төлөвлөгөөг бусниулсан гэнэ. Эхний уралдааны үеэр бороо орсон тул оролцогчдын тоо эрс багассан аж. Гэхдээ аз турших дуртай 500 орчим хүн энэ арга хэмжээнд оролцсон гэж зохион байгуулагч Никита Гирин сэтгүүлчдэд ярьжээ.

Н.Гирин цаашаа сэтгүүлчдэд ярихдаа “Фестивал болдог өдрийн өглөө өтгөн манантай байсан тул зохион байгуулагчдын зүгээс санаа зовниж байлаа. Гэвч ойролцоогоор 2000 орчим хүн бүртгүүлэх хүсэлтээ ирүүлж, 1800 гаруйг нь бүртгэж амжсан. Цаг агаар муу байсан ч манай фестивалыг зогсоож чадахгүй гэдгийг ойлголоо” гэсэн юм.

Улмаар бүртгүүлсэн хүмүүсээс усны хувцасаар гангарсан иргэдийг уралдаанд оролцуулсан аж. Сочигийн олимпийн үеэр анх зохион байгуулж байсан фестивал одоо нутгийн иргэд төдийгүй Оросын өнцөг булан бүрээс залуус ирдэг шоу болж чадсан юм.