
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон албаныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ачаалал нь ихэвчлэн дөрөвдүгээр сараас нэмэгддэг. Иргэдийн хувьд өглөөний 06.00 цагаас эхлэн дугуйн болон гүйлтийн замуудыг түшиглэн дасгал хөдөлгөөн хийдэг.
Дулаан үед цэцэрлэг хүрээлэнгийн зам талбай зарим тохиолдолд хүрэлцдэггүй байна.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийг эрүүл, зөв амьдралын хэмнэлд хэвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгоход чиглэсэн бүхий л ажлуудыг дэмжинэ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц
Мөн олон нийтэд хүрэлцдэггүй зам, талбайг шинээр барьж байгуулах, засаж шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Түүнчлэн иргэдийг өвлийн улиралд ч дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж, цана, тэшүүр, хоккейн талбайг шинээр байгуулах талаар санал солилцсон юм. Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байгуулсан спортын зам талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг хэд хэдэн чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-тай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллахаар зөвшилцлөө.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо