Д.Батгэрэлийн даамай ялалт

1861

Талын шуурга” өрсөлдөгчөө ялахад ердөө 50 секундын хугацаа оров.

АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг UFC-гийн 261 дэх тулаан 15 мянган үзэгчдийн өмнө нээлтээ хийв.

Гол тулааны өмнөх хөтөлбөрийн хоёр дахь тулаанд Өвөр Монголын “Монгол алуурчин” Орчлон (Хятад нэр Qileng Aori)  Колумбын тулаанч Жефф Молинатай тулалдлаа. Эхний үеэс “Монгол алуурчин” илүүрхэн, давамгайлж байсан боловч хоёрдугаар үеэс хойш санаачлагыг Молина авч тулалдсанаар шүүгчдийн саналаар оноогоор (29-28, 29-28, 29-27) дийлдэв. Орчлонгийн хувьд UFC холбоонд хийсэн анхны тулаандаа ялагдал хүлээсэн юм.

Тэмцээний дөрөв дэх тулаанд манай тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадтай тулалдсан. Кевин энэ жил 28 настай. Замналынхаа турш 11 тулалдаж, 9 ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй. Нийт таван удаа хүнд цохилтоор, гурван удаа өчих, боох мэхээр ялж байв.

“Шуурга” Д.Батгэрэлийн хувьд холимог тулааны замналдаа найм ялж, хоёр дийлдсэн. Тэрбээр UFC-д гурав дахь тулаанаа хийлээ. Аргентины туршлагатай тулаанч Гуидо Саннеттиг хүнд цохилтоор ялснаасаа хойш цар тахлын улмаас нэг жил, нэг сарын дараа тэмцээнд орж байгаа нь энэ.

Тулаан тун сонирхолтой эхэлж хоёр тамирчин ээлж дараалан довтолж эхэлсэн. Нэг нэгнээ туршсан цохилтууд явсны эцэст Батгэрэл баруун  өшиглөөд зөрөхөд нь Нативидад сөрөг довтолгоо хийсэн. Харин “Шуурга” угтуулсан баруун гарын цохилт хийж, нэлээн урагшаа цөмөрч ирсэн Нативидадын эрүүнд зүүн гарын угтуулсан хүчтэй цохилт хийн унагав. Унасан өрсөлдөгчдөө сэхээ өгөхгүй алхан цохилт хийхэд дэвжээний шүүгч Херб Дин тулааныг зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Ийнхүү шуургалсан довтолгоогоор Б.Батгэрэл өрсөлдөгчөө буулгаж авахад ердөө 50 секунд зарцуулагдсан юм.

Тулааны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Батгэрэл “Хурдан ялж чадсандаа баяртай байна.Жингийнхээ шилдэг Жосе Алдогийн тулааныг харж хүндэлж ирсэн болохоор түүнтэй бас жингийнхээ бусад шилдгүүдтэй зодолдох хүсэлтэй” гэж ярьлаа. UFC холбооны анхны монгол тулаанч маань цаашид энэ холбоонд олон монгол залуусыг авчрах гайхамшигтай чухал ялалтыг авчирлаа.