Конорын бизнес амжилттай явна

1945

“Алдар цуу” хочит Ирланд эр. Тиймээ энэ бол Конор МкГрэгор гэдгийг зөвхөн тулааны спорт сонирхогчид төдийгүй мэддэг болжээ. Тэгвэл Конор болон түүний хамтрагч Дэвид Элдэр нар өөрсдийн бүтээсэн “Proper No. 12” брэндийнхээ дийлэнх хувийг 600 сая ам.доллараар худалдлаа.

Нийтлэгчийн зүгээс: Энэхүү мэдээллээр согтууруулах ундны бүтээгдэхүүн, брэнд ухуулах бус илүү тамирчин хүн өөрийн онцлог, давуу тал, бий болгосон амжилтаа ашиглан яаж бизнестэй хамтрах вэ?, нөгөө талаас бизнес, брэндүүд алдартай тамирчидтай хамтрах алхам, хамтын ажиллагаа хэрхэн явагдаж буйг? анзаараасай гэсэн хүслээр бичсэн болно.

2017 оны наймдугаар сард мэргэжлийн боксын рингэнд алдарт Мэйвэдертэй 10 үе тулалдсаны эцэст хүнд цохилтоор ялагдаж байв. Гэсэн хэдий ч тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр нарны шил зүүж, таван мянган ам.долларын хослол өмссөн тэрээр сэтгүүлчдийн өмнө гартаа барисан шилтэй зүйлээ өргөн “Notorious Irish Whisky тун удахгүй” хэмээн зарлаж байлаа.

Тулааны дараах хэвлэлийн хурал: “Notorious Irish Whisky тун удахгүй

(энэ тулаанаас Мэйвэтэр 280 сая ам.доллар, Конор 130 сая ам.доллар олсон байдаг)

Бизнесийн талаар товчхон

Конор нь Оди Аттар, Кэн Остин нартай хамтран вискиний бизнест хөл тавьсан ба 2018 онд өөрийн нэрийн Proper No. Twelve брэндээ албан ёсоор зах зээлд гаргасан.

Харин түүний хувьцааг худалдан авсан Proximo Spirits нь 20 гаруй орны алдартай согтууруулах ундны брэндийн импортлогч Нью Жэрсид төвтэй АНУ-ын компани юм байна.

Төлөвлөгөөний хувьд: Конор өөрийн маш сайн чаддаг этгээд авир, үйл хөдлөлөөрөө зах зээлд таниулах, хэрэглэгчдийг татах ажлыг хариуцаж, харин Proximo Spirits үйлдвэрлэл болон түгээлт борлуулалтыг Ирланд дахь Old Bushmills Distillery-тэй хамтран гүйцэтгэнэ. Үр дүнд нь төлөвлөгөө маш амжилттай хэрэгжсэн.

Амжилт

Proper No. Twelve виски зах зээлд гарсан даруйдаа ердөө арав хоногт бүтэн зургаан сарын борлуулалтын захиалга авч түүнээс хойш энэ амжилтаасаа буулгүй өдий хүрчээ.

Борлуулалт (нэг сагсанд 12 шил)

  • 2018: 38,200 сагс
  • 2019: 213,800 сагс
  • 2020: 345,000 сагс

Үүгээр зогсохгүй Proper No. 12 нь дэлхийд алдартай Ирланд вискиний жагсаалтад Jameson, Tullamore Dew, Bushmills брэндүүдийн дараа дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна.

Хамгийн алдартай виски брэндүүд (2019 оны борлуулалт)

  • Jameson: 8 сая сагс
  • Tullamore Dew: 1.5 сая сагс
  • Bushmills: 821,500 сагс
  • Proper No. Twelve: 213,800 сагс
  • Paddy: 185,200 сагс

Хувьцаа арилжааны тухайд

Конор ба түүний хамтрагчид 2018 онд брэндээ гаргаснаас хойш Proximo Spirits-тэй хувь эзэмшил худалдан авахтай холбоотой нарийн тохиролцоо хийсээр иржээ. Өнгөрсөн онд Proximo Spirits-ийн зүгээс эзэмшиж байсан 20%-ийг 49% болгон өсгөсөн. Харин энэ удаад ийнхүү 50+ хувь болгож авсанаар давуу эрхтэй эзэмшигч болов. Тэд нийтдээ 600 сая ам.долларыг төлжээ энэ хүртэлх хугацаанд.

Хэдийгээр дийлэнх хувиа зарсан ч тодорхой хувийн эзэмшилтэй Конор ба түүний хамтрагчид жилийн борлуулалтаа нэг сая сагс давуулахаар зориж байгаа гэв.


Гэрэл зургийн эх сурвалж: https://www.thetimes.co.uk

Цаашид хэрхэх бол?

Төгсгөлд нь өөрсдийн олж авсан нэр хүнд, шүтэн бишрэгчид, олон нийтийн сүлжээн дэх дагагчдын тоо зэргээ ашиглан согтууруулах ундны брэнд гаргах, зах зээлд нэвтрүүлэх тохиолдол цөөнгүй байдаг.

Кино жүжигчин Жорж Клүни Casamigos гэдэг тэкила гаргаж нэг тэрбум ам.доллараар худалдсан, Раян Рэйнолдс Diageo компанид Aviation Gin брэндээ 610 сая ам.доллараар худалдсан бол Дуэйн “The Rock” Жонсоны Teremana Tequila брэнд түүхэнд хамгийн хурдан алдаршсан брэнд болсон г.м

Конорын хувьд Monster Energy, Reebok брэндүүдтэй жилийн таваас арван сая ам.долларын гэрээг байгуулаад байж болох ч алдартай энтрэпрэньёр, дээр дурдсан богино хугацаанд алдаршсан Teremana Tequila-г үүсгэсэн Кэн Остинтой нэгдэж, 600 сая ам.доллар давсан үнэлгээтэй брэнд босгоод байна шүү дээ.


Хэрэв та эхлэл хэсгийг санаж байгаа бол 2017 онд болсон тулааны үеэр Мэйвэдер Avion Tequila брэндээр гангарсан байдаг. Тулаан болохоос хэдэн өдрийн өмнө түүнд зориулсан 1,500 ам.долларын үнэтэй limited edition хувилбарыг гаргаж байж.

Хамгийн сонирхолтой нь тус Avion Tequila брэндийг өнөөх айхтар Кэн Остин бүтээсэн болж таарав.

Монгол компани, брэндүүд энэ мэтээр ажиллах боломж байгаа болов уу?