Ё.Басхүү дэлхийн медальтан боллоо

1557

Жүдо бөхийн ДАШТ Унгарын Будапешт хотод хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -52 кг болон эрэгтэйчүүдийн -66 кг жингийн барилдаанууд явагдаж манай дөрвөн жүдоч дэвжээнд гарсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр япончууд давхар цохилт хийж хоёр жинд түрүүлсэн ба тэд хоёул дэлхийн хошой аваргууд болжээ. Харин бусад медаль хүртсэн жүдочид анх удаа дэлхийн медалиар энгэрээ гоёсон нь энэ өдрийн онцлох үйл явдал байлаа.

Эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд 45 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар зодоглолоо.

Б.Хорлоодой тэмцээний “A” хэсэгт багтаж эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анесторыг цэвэр ялсан юм. Гэхдээ тэрбээр дараагийн барилдаанаа Португалын тамирчин Жоана Рамостой хийж ялагдал амссанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлжээ.

Харин Л.Сосорбарамын хувьд “С” хэсэгт хуваарьлагдаж эхний даваанд Мозамбикын Жакира Феррейра, дараа нь Гүржийн Мариам Жанашвили, гуравдугаар тойрогтоо Казакстаны Нурсулу Ералиеваг тус тус ялсан юм. Ийнхүү шилдэг наймд үлдсэн тэрбээр хэсгийн аваргын төлөө Испанийн Ана Перез Бокстой хийж ялагдал амсаж, дагах барилдаандаа Израилын Гефен Примод дийлдсэнээр шагналт VII байрт шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү нар хүч сорилоо.

Г.Хэрлэн “B” хэсгийг тэргүүлж эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь Мароккын Эмад Бассыг ялсан хэдий ч Казакстаны Елдос Жумакановд харамсалтайгаар ялагдсанаар үзэгчдийн эгнээнд шилжжээ.

Харин жингийн нөгөө бөх Ё.Басхүү “D” хэсэгт багтаж Коста Рикагийн Иан Санчо Чинчила, Египетийн Мохамед Абдельмавгоед,  ОХУ-ын Мурад Чопанов нарыг ялж хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Жоширо Маруяаматай хийж торгуулиар ялагдсанаар дагахаар болсон юм. Ийнхүү дагах барилдаанд Францын Килиан Ле Блючыг ялж, хүрэл медалийн төлөө Г.Хэрлэнг ялсан Казакстаны Елдос Жумакановтай барилдах байсан ч тэрбээр дэвжээнд гарч ирээгүй учир манай тамирчин хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд 2019 оны Токиогийн ДАШТ-ий энэ даваанд Молдав улсын тамирчин Денис Виеруд ялагдаж байсан бол энэ удаад даагаа амжилттай нэхэж Будапештын тэнгэрт дутуугаа гүйцээж чадлаа. Тэрбээр дэлхийд нэрээ дансалсан 17 дахь жүдоч болсон бөгөөд энэ медаль монголын шигшээ багийн 24 дэх медаль болжээ.

БайрЭм -52 кгЭр -66 кг
1Ай Шишиме /Япон/Жоширо Маруяама /Япон/
2Ана Перез Бокс /Испани/Мануэль Ломбардо /Итали/
3Гефен Примо /Израиль/Ё.Басхүү /Монгол/
3Фабиенне Кохер /Швейцар/Якуб Шамилов /ОХУ/
Энэ өдрийн медальтнууд