Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө

1698

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ удаагийн дэлхийн аваргад зодоглосон юм.

Манай улсаас нийт 18 жүдоч (эрэгтэй, эмэгтэй тус бүр ес) энэ удаагийн ДАШТ-д хүч үзлээ. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү анхны хүрэл медалиа авсан билээ. Нийт 27 орны жүдочид медаль зүүснээс хоёр хүрэл медаль авсан амжилтаараа Монголын шигшээ баг 19-д жагссан юм.

Япон медалийн чансаагаар тэргүүлэв

ДАШТ-д нийт 381 медаль (163 алт) хүртсэн амжилтаар бүх цаг үед тэргүүлдэг япончууд Токиогийн олимптой жил давхцсан учир хоёрдугаар багаа Будапешт руу илгээсэн ч 11 медаль (таван алт) зүүж медалийн чанараар ч тоогоор ч дахин тэргүүллээ. Одоогоос 10 жилийн өмнө Францын Парист болсон ДАШТ-д эзэн орны жүдочид медалийн чанараар Японыг давж гарснаас хойш өнөөг хүртэл наран орны жүдочид тэргүүн байраа алдсангүй. Гэхдээ 2014 онд багаараа 11 медаль (таван алт) зүүснээс хойш багадаа 15 медаль авч байсантай харьцуулахад тааруу амжилт болсон юм.

Харин Японоос бусад Азийн орнууд тааруу оролцлоо. Нийт 10 орноос алтан медальтан төрсөн бөгөөд үүний ес нь европчууд байв. Нийт медалийн тоогоор Францын ард бичигддэг БНСУ, БНХАУ баг нэг ч медаль зүүсэнгүй.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д Хорватын Барбара Матич түрүүлсэнээр улсынхаа түүхэнд шинэ хуудас нээлээ. Үүнээс өмнө хорватчууд алт бүү хэл медаль ч авч үзээгүй байлаа.

Лаша Шавдатуашвили хамгийн ахмад нь

Лаша Шавдатуашвили

Энэ удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д түрүүлсэн Гүржийн Лаша Шавдатуашвили 29 нас, 128 хоногтойдоо аваргалсан хамгийн ахмад жүдочоор тодорчээ. Олимпын алтаа, дэлхийн түрүүгээр хослуулсан гүрж залуу Лондоны олимпоос хойш есөн жилийн дараа дэлхийн дэвжээнд гялалзсан нь энэ юм.

Тэгвэл хамгийн залуу алтан медальтнаар Оросын олимпын багаас барилдсан Яго Абудалзе тодорчээ. Энэ жил 23 настай орос эр 60 кг-д түрүүлсэн билээ.

Харин хамгийн “хөгшин” медальтнаар дэлхийн хошой мөнгөтэй, Бразилын Мария Сулье Алтеман тодров. Дэлхийд гурав дахь медалиа хүртэхдээ 32 нас, 304 хоногтой байлаа. Манай жүдоч М.Уранцэцэг 31 нас, 84 хоногтойдоо шагналын тавцанд гарсанаар дөрөвт бичигджээ. Хамгийн залуу нь Азербайжаны жүдоч Карамат Хусайнов. Гурван жилийн өмнө Бакугийн дэвжээнд медалийн оосроос атгаад алдсан К.Хусайнов 22 нас, 280 хоногтойдоо дэлхийн медальтай боллоо.

Энэ жил медаль хүртсэн жүдочдын дундаж нас 26.1 байв. Бүх тэмцээнийг оролцуувал медалийн тавцанд зогссон жүдочдын дундаж нас 24.8 байдаг аж.