Шаун Уайт скэйтбордын тэмцээнд хүч сорино

1687

АНУ-ын сноубордын шилдэг тамирчдын нэг Шаун Уайт 2020 оноос зуны олимпийн төрөлд багтах болсон скэйтбордын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа аж. Түүний менежерийн хэлснээр бол Уайт өнгөрсөн долоо хоногт Ванкувер хотноо болсон “Vans Park”-ын цуврал тэмцээнд оролцож, цаашдаа олимпийн эрхийн төлөөх тэмцээнд хүч сорихоор төлөвлөсөн гэнэ.

Өвлийн олимпийн сноубордын төрлөөр гурав дахь алтан медалиа зүүснийхээ дараа Ш.Уайт зуны олимпод скэйтбордын төрлөөр оролцох бодолтой байгаагаа ярьж байсан юм. Гэхдээ одоогоор олимпод оролцохоосоо илүүтэйгээр туршлага хуримтлуулах зорилготой байгаа бололтой. Тэрбээр сноубордоос зодог тайлаагүй ч 2019 оны улиралд тийм ч олон тэмцээнд оролцох бодолгүй байгаа юм.

Ш.Уайт скэйтбордын төрлөөр “X Games” наадмаас 2005, 2011 онд медаль хүртсэн ч тэр үед олимпийн төрөлд багтаагүй байжээ.