Английн “Челси” клуб Испанийн “Атлетик Билбао”-гийн залуу хаалгач Кепа Аррисабалагагийн төлөө 80 сая евро төлөхөөр боллоо. Ердөө хагас жилийн өмнө 17.9 сая фунтын үнээр “Реал Мадрид” руу очих тун дөхсөн залуу эр зургаан сарын дараа 71.6 сая фунтын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй хаалгачаар тодорсон юм.

Энэ зун дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгачийн үнэ хоёр удаа шинэчлэгдэв. Өмнө нь бразил эр Алиссоны төлөө “Ливерпуль” клуб 67 сая фунт төлж, рекорд тогтоосон. Энэ дээд амжилт бүтэн зуныг ч өнгөрүүлсэнгүй.


Гэхдээ энэ үнэ 24 цаг хүрэхгүй хугацааны дараа дахин шинэчлэгдэхийг үгүйсгэхгүй. Испани залууг эгнээндээ нэгтгэснээр “Челси” клуб бельги хаалгач Тибуа Куртуаг “Реал Мадрид” руу явуулах нь тодорхой болсон. Учир нь бельги хаалгач “Реал”-д очихыг хүсч буй юм. Т.Куртуа бэлтгэлдээ оролцохгүй байгаа учир түүнийг наймааны цонх хаагдахаас өмнө Испанийн баг руу явуулах шаардлагатай.

Т.Куртуа хүүхэд байхдаа Мадрид хотод амьдарч байсан тул Испанид очихыг хүсдэг нь нууц биш. Харин “Челси”-гийн хувьд Английн лигт дассан Жордан Пикфорд, Жэк Батлэнд, Каспер Шмейхель нараас илүү испани залууд итгэл хүлээлгэсэн юм. Ирэх аравдугаар сард 24 нас хүрэх Кепаг лигийн эхний тоглолтод гараанд гаргахаар төлөвлөж байгаа талаар Английн хэвлэлд онцлоод эхэлжээ. Тэрбээр Лондоны клубтэй таван жилийн гэрээ байгуулсан бололтой.