Бельгийн шигшээ багийн хаалгач, ДАШТ-ий алтан бээлий шагналт Тибо Куртуа Английн “Челси”-г албан ёсоор орхиж, Испанийн “Реал Мадрид” багт очлоо.

“Челси” клуб од тоглогчоо “Реал Мадрид” руу зарах шийдвэр гаргасныхаа үр дүнд хорват хагас хамгаалагч Матео Ковачичийг бүтэн улирал зээлээр тоглуулах боломжтой болсон юм. Түүнчлэн “Реал” гэрээ нь дуусахад нэг жил дутуу буй бельги хаалгачийг эгнээндээ оруулахын тулд хуучин багт нь 35 сая фунт төлөх аж.


Өдгөө 26 настай хаалгач ДАШТ-ий алтан бээлий шагнал хүртсэн. Түүнчлэн “Челси”-гийн хамт Премьер лигийн аваргаар хоёр удаа тодорч, лигийн цом болон холбооны цомын эзэн болсон билээ. Тэрбээр 2011-2014 оны хооронд “Атлетико Мадрид” клубт зээлээр тоглож, Европа лигийн аварга, Европын супер цомын аварга, Аваргуудын лигийн мөнгөн медаль, Хааны цом хүртэж, Ла лигт түрүүлж байсан туршлагатай.


“Реал” шинэ тоглогчтойгоо зургаан жилийн урт гэрээ байгуулсан талаар албан ёсны твиттер хуудсандаа мэдээлсэн юм. Т.Куртуаг авснаар “Реал”-ын олон жил яригдсан “Манчестер Юнайтед”-ийн Дэвид Де Хеаг авна гэсэн цуурхал төгсгөл боллоо.

Түүнчлэн “Челси” клуб албан ёсоор Матео Ковачичийг зээлээр авч буйгаа зарласан. Тэд бельги хаалгачаа зарж, оронд нь багаасаа явах хүсэлтэй байгаа М.Ковачичийг зээлэх талаар ярилцсан нь амжилтад хүрсэн бололтой.


Өдгөө 24 настай М.Ковачич 2015 оны наймдугаар сард Италийн “Интер”-ээс 32 сая еврогоор “Реал”-д очсон юм.

Харамсалтай нь, гурван улирлын турш Ла лигийн 37 тоглолтод гараанд гарч, Аваргуудын лигт гурван удаа түрүүлэхэд нь нэг ч минут талбайд тоглоогүй.

Энэ нь “Сантиаго Бернабеу” цэнгэлдэхэд өнөө цагийн хамгийн шилдэг хагас хамгаалалтын хослол болох Тони Кроос, Лука Модрич нар байсантай холбоотой юм.

Талбайд тоглох боломж олдоогүйд М.Ковачич сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин “Челси”-д шинэ дасгалжуулагч Маурицио Сарригийн удирдлага дор Н’Голо Канте болон шинээр ирсэн Жоржиньо нарын хамт гараанд гарна гэж шинжээчид таамаглаж байна.