Кураш бөхчүүд эхний өдөр шөвгийн наймаас хэтэрсэнгүй

1570

Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөхийн төрлийн нэг бол Түрэг үндэстний бөх гэгддэг кураш. Анх удаа зохиогдож буй кураш бөх эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван жинд болж буй юм.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 66, +90 кг, эмэгтэйчүүдийн 52 кг жингийн барилдаан боллоо.

Эрэгтэй 66 кг-д жүдоч А.Батсуурь, залуу тамирчин Ж.Баасандаш нар зодоглосон юм. А.Батсуурь эхний даваанд Энэтхэгийн бөх Жаки Галотыг цэвэр ялсан ч 16-д Туркменистаны бөх Марат Оразовт 3:0-ээр дийлдлээ. Түүний өрсөлдөгч нь кураш барилдааны ДАШТ-ээс гурван хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Азийн танхимын наадмын аварга тамирчин аж.

Залуу тамирчин Ж.Баасандашийн хувьд эхний даваанд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Узбекистаны бөх РУслан Буриевт цэвэр ялагдаад тэмцээнээ өндөрлөсөн.

Энэ жинд Узбекистаны хоёр бөх финалдаж, Кураш барилдааны дэлхийн аварга Маруф Гайбуллоев алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +90 кг-д Х.Цогтгэрэл эхний тойрогт Ливаны жүдоч Насиф Элиасыг цэвэр ялсан ч 16-д Туркменистаны бөх Даянч Тагановт цэвэр хожигдоод тэмцээнээ дуусгав. Энэ жинд зодоглосон Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлээд 16-д Узбекистаны бөх Нурбек Тураевт цэвэр ялагдсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Э.Нүрзэдмаа эхний тойрогт Туркменистаны Анастасья Макейвад ялагдсан. Э.Гэрэлмаа Тайванийн бөх Йен Лианыг цэвэр ялсан боловч энэ жинд түрүүлсэн Узбекистаны Гулнор Сулаймановад ялагдсан юм.

Маргааш эрэгтэй 81, -90, эмэгтэй 63, 78 кг-ийн барилдаан явагдаад кураш бөх өндөрлөх юм.