Б.Баасанжаргал гурав дахь мөнгөн медалийн эзэн боллоо

2935

Энэ жилээс Азийн Наадмын хөтөлбөрт багтсан кураш барилдаанаас анхны мөнгөн медалийг эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Баасанжаргал эх орондоо авчирлаа. Түүнчлэн Б.Баасанжаргал ийн медаль авснаар монголчууд Азийн наадмын түүхэнд 10 төрлөөс ямар нэг медаль хүртэж буй юм.

Б.Баасанжаргал 1996 оны наймдугаар сарын 16-нд төрсөн, өдгөө 22 настай залуу тамирчин. Энэ онд Улаанбаатар хотод болсон самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 64 кг-д түрүүлж, ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан юм. Жүдо бөхийн дэлхийн чансааны 158-д жагсаж буй.

Тэрбээр эхний тойрогт Туркменистаны бөх Мэхрибан Курбановаг 5:0-ээр ялж, 16-д Филиппиний Женилоу Москуэдаг 3:0-ээр хожсон. Шөвгийн наймд Казахстаны Назгул Кубашеваг мөн 3:0-ээр дийлээд хагас шигшээд Узбекистаны Мухлиса Абдумаликоваг цэвэр ялсан. Харин аваргын төлөө өөр нэг узбек бөх Дилдор Шерметовад ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Гэрэл зургийг Э.Харцага