Олимп, дэлхийн аварга дугуйчин Кристина Фогель дахин алхаж чадахгүй болжээ

2572

Германы алдарт дугуйчин, олимпийн хошой аварга, ДАШТ-д нийт 11 алтан медаль хүртсэн ховорхон амжилтын эзэн Кристина Фогель өнгөрсөн зургадугаар сард бэлтгэл хийж байх явцад хамтрагчтайгаа мөргөлдөж, осолдсон билээ. Дөнгөж 28 настай түүний талаар тун харамсалтай мэдээлэл гарчээ. Тодруулбал, ослын улмаас хүнд бэртсэн К.Фогель цаашид их спортоо үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байсан бол одоо дахин хөл дээрээ зогсож, алхаж чадахгүй нь тодорхой болсон юм.

Нэртэй тамирчнаас гадна Германы цагдаагийн албанд зүтгэдэг Кристина Кыргызийн нийслэл Бишкек хотод төрсөн ч эцэг эх нь түүнийг зургаан сартай байхад нь Герман руу нүүж, тэндээ амьдрах болсон аж. Тэрбээр Лондоны олимпийн багийн спринт уралдаанд түрүүлж, дөрвөн жилийн дараа хувийн төрөлд алт, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

2012 оноос ДАШТ-ээс медаль хүртсэн бөгөөд энэ хугацаанд 11 алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийг багийн болон хувийн төрөлд “түүсэн” нэгэн.

К.Фогель 2009 онд мөн бэлтгэлээ хийж яваад автомашины осолд өртөж, хоёр хоног ухаангүй хэвтсэн түүхтэй.