Америкийн нээлттэй тэмцээний шинэ аварга Наоми Осака

2529

Талбайн теннисний дөрвөн Их Дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө АНУ-ын алдарт тамирчин Серена Уильямс, Японд төрсөн ч Нью-Йоркт өссөн Наоми Осака нар тунаж үлдсэн.

Их Дуулгын 23 түрүү авч, теннисний ертөнцийн хатан хаан гэгдэж буй С.Уильямсын шүтэн бишрэгчдийн хувьд нэг их сонин бас содон мэдээ биш. Харин Гаити аавтай, япон ээжтэй Наоми Осакаг спорт сонирхогчид төдий л сайн мэдэхгүй болов уу. Энэ жил 20 настай, Японы Осака хотод төрсөн ч гурван настайгаасаа Нью-Йорк руу нүүж, өдгөө Флорида муж улсад амьдарч буй Наоми таван настайгаасаа талбайн теннисээр хичээллэх болсон юм. Аав нь Нью-Йоркийн их сургуульд суралцаж байхдаа Япон руу аялалд гарсан бөгөөд тэндээ ирээдүйд авьяаслаг теннисчин болох охиныхоо ээжтэй танилцсан түүхтэй.

2016 оноос теннисний эмэгтэйчүүдийн ертөнцөд ийм шинэ нэр сонсогдох болжээ. Тэгвэл өнөөдөр Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шүтэж өссөн алдарт Серена Уильямсын эсрэг тоглоод 6:2, 6:4-өөр буулган авснаар Их Дуулгад түрүүлсэн анхны япон теннисчин болов.

Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны ази гаралтай эмэгтэй тамирчин боллоо. Их Дуулгын түүхэнд түүнээс өмнө нанхиад бүсгүй Ли На хоёр удаа түрүүлсэн удаатай.

Ли На Австралийн нээлттэй тэмцээн болон Францын шороон талбайд тус бүр нэг удаа түрүүлж, ази теннисчдийн түүхэнд шинэ хуудас нээж байлаа. Харин Наоми Осака эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их Дуулгад түрүүлсэн хоёр дахь эмэгтэй ази теннисчнээр бүртгүүлэв.

Шинэ аваргаас дутахгүй дуулиан тарьсан үйл явдал бол Серена Уильямсын ааш байлаа. Эхний үед хожигдоод бухимдуу байсан түүнийг шүүгч дасгалжуулагчаасаа зөвөлгөө авлаа хэмээн буруутгасан. WTA-гийн тэмцээнд тамирчин тэмцээнийхээ үеэр дасгалжуулагчтайгаа харилцаа тогтоохыг зөвшөөрдөг ч Их Дуулгад ингэхийг хориглодог. С.Уильямсын дасгалжуулагч Патрик Муратоглуг шавьдаа заавар өглөө хэмээн шүүгч Карлос Рамос буруутгасан нь америк бүсгүйн уурыг дээд цэгт нь хүргэсэн. Тэрбээр шүүгчийг өөрөөс нь уучлалт гуйхыг шаардсан байна.

Тоглолт дууссаны дараа К.Рамостой гар барихаас татгалзаж, түүнийг дахин тэмцээн шүүхийг эрс эсэргүүцэв. Ийм тохиолдолд С.Уильямс өмнө ч орж байсан аж. 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд бельги теннисчин Ким Клийстерстэй өрсөлдөж байхдаа мөн ийм авир гаргаад тоглолтоо дуусгахаас татгалзсан түүхтэй. Хожим буюу 2011 онд мөн л Америкийн нээлттэй тэмцээний финалд Австралийн Сэм Стоусюртэй өрсөлдөх үеэр шүүгч Эва Асдеракитай маргалдаж, мөн л тэмцээнээ дуусгахаас татгалзсан. Үр дүнд нь холбоо С.Уильямсыг 2000 “ногоон”-оор торгоод өнгөрсөн түүхтэй.

Харин С.Уильямсыг бухимдуулсан Карлос Рамосын хувьд тамирчидтай ингэж маргалдаад “сурчихсан” эр. Хоёр жилийн өмнө Францын нээлттэй тэмцээний үеэр Венус Уильямсыг дасгалжуулагчаасаа заавар авч байна хэмээн буруутгасан удаатай. Түүнчлэн Н.Жокович, Р.Надаль, Э.Маррей зэрэг эрэгтэй теннисчдийг ч торгож байсан юм.