Наоми Осакагийн тухай 7 сонирхолтой баримт

3107

Гаити аавтай, япон ээжтэй Наоми Осака хэмээх нэр өнгөрсөн бямба гаригаас хойш спортын талаар бичдэг хэвлэл бүрийн тэргүүнд залрах болов. Ердөө 20 настай ч Америкийн Их Дуулгад алдарт Серена Уильямсыг хожиж, ийм том тэмцээнд түрүүлсэн анхны япон теннисчин болсон Наоми 3.8 сая ам.долларын урамшуулал авсан юм. Өдгөө эмэгтэйчүүдийн чансааны 7-д бичигдэж байгаа тэрбээр оны сүүлээр болдог шилдгүүдийн тулаанд хүч сорих бүрэн боломжтой. Ингээд С.Уильямсыг бухимдуулсан Н.Осакагийн тухай долоон баримтыг сонирхуулья.

Хос иргэншилтэй

Наоми Осака Японы Осака хотод төрсөн ч гурван настайдаа АНУ-д ирж, ес хүртлээ Нью-Йоркт амьдарсан. Хожим гэр бүл нь Флорида руу нүүсэн аж. 2013 онд мэргэжлийн теннисчин болох үед аав нь болох Леонард Максим Франкоис охиноо төрсөн нутгаар нь бүртгүүлжээ. Учир нь Японы теннисний холбоо илүү мөнгө амласан тул эцэг нь ийм шийдвэр гаргасан юм.

 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

 

Also if I could, I want to thank my parents and the crew. Literally these past 2 weeks in NY have been very tough so S/O to them.

A post shared by Naomi Osaka 大坂なおみ (@naomiosakatennis) on Sep 9, 2018 at 12:34pm PDT

Гэр бүл

 Наомигийн эцэг Гаити гаралтай хүн. Тэрбээр Нью-Йоркийн их сургуулиа төгсөөд Японы Хоккаидо аралд очсон юм. Хожим ирээдүйн эхнэр болох Тамаки Осакатай танилцаж, гэр бүл болсон ч Тамакигийн эцэг эх нь хүргэнээ хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Эцэг нь охиноо гэрээсээ хөөж, залуу хосууд Японы хоёр дахь том хот болох Осака руу нүүжээ. Наомигийн төрсөн эгч Мари нь мөн мэргэжлийн теннисчин. Гадаад аавтай охид Японы сургууль, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахын тулд ээжийнхээ овогийг авсан түүхтэй.

Н.Осакагийн төрсөн эцэг нь кино найруулагч мэргэжилтэй. Тэрбээр төрсөн нутагтаа “Selfish Love”, “Hard Times” нэртэй уран сайхны киног бүтээсэн юм.

Японоор ойлгодог ч ярьж чадахгүй

Наоми 2016 оны нэгдүгээр сард “USA Today Sports” сонинд өгсөн ярилцлагадаа “Би Японоор ойлгодог ч ярихдаа муу. Япончууд миний нэрийг сонсоод хэзээ ч хар охин гэж хардаггүй” гэж ярьсан удаатай. Гэхдээ Наоми япон хэлээ сайжруулах зорилго тавьсан аж.

Серена Уильямсыг шүтдэг

20 насандаа өөрийн шүтээн Серена Уильямсыг ялж, мөрөөдлөө биелүүлсэн Н.Осака анх гуравдугаар ангид байхдаа ирээдүйд хийх зүйлийнхээ жагсаалтад энэ тухайгаа оруулсан талаар телевизийн шууд ярилцлагад орох үеэр ярьсан аж.

Ингээд ч зогсохгүй аав Франкоис нь охиноо гурван настайгаас нь теннисээр хичээллүүлж, С.Уильямстай найман жил хамт ажилласан гэдгээрээ олны танил болсон Саша Бажины удирдлага дор бэлтгэл хийлгэх болжээ.

Франкоис эгч дүү Уильямсын эцэг Ричардаас урам авч, охидоо теннисээр хичээллэх гарааг нь нээж өгсөн юм. 2016 оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр С.Уильямс залуу теннисчин Н.Осакаг ихэд магтаж, авьяаслаг, ирээдүйтэй теннисчин хэмээн үнэлсэн байдаг.

Гэр бүлийн зөрчил

Наомигийн ээж Тамакиг харийн хүнтэй гэрлэсэн хэмээн эцэг эх нь холбоогоо тасалсан. Мари болон Наомиг төрсөнөөс хойш 15 жилийн дараа энэ гэр бүлийн зөрчил арилж, эцэг эх нь охиныхоо амьдралыг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ эмээ, өвөө хоёр нь охидыг теннисний карьер хөөж, гэртээ боловсрол эзэмшихийг зөвшөөрдөггүй байжээ. Зээ охиноо Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснийх нь дараа “Asahi Shimbun”-д өгсөн ярилцлагадаа өвөө Тецүо “Тэр үед теннисний карьер хөөнө гэдэг санаанд багтамгүй зүйл байлаа. Зээ охиноо аварга болно гэж төсөөлөөгүй” хэмээн ярьжээ.

Зээ нь С.Уильямсыг ялсныхаа дараа 73 настай өвөө рүүгээ утасдаж, аварга болсноо дуулгасан гэнэ. Сонирхуулахад, саяхан Хоккаидо аралд 6.7 балын хүчтэй газар хөдөлж, байгалийн гамшиг тохиолдсон бөгөөд үүнээс болж, өвөө, эмээ хоёр нь багагүй зүдэрсэн гэнэ. Наоми тун удахгүй Японы нээлттэй тэмцээнд оролцохоор төлөвлөсөн бөгөөд энэ үеэр өвөө нь зээ охиныхоо тоглолтыг үзэхээр Токиог зорих аж.

Хобби

Наоми нэрт дуучин Бейонсегийн дууг сонсох дуртай. Чөлөөт цагаараа видео тоглоом тоглодог. Өнгөрсөн долдугаар сард төрсөн эгч Маригийнхаа хамтаар мэргэжлийн eSport-ын “Overwatch League”-ийн тоглолтыг Бруклинд үзэж сонирхсон аж. Энэ бол мэргэжлийн тоглоомчдын лиг юм.

Ирээдүй

Хэдийгээр Японд төрж, АНУ-д өссөн ч бас Гаити удамтай гэдгээ мартдаггүй. Энэ талаар мартсан сэтгүүлчдэд цаг үргэлж сануулж явдаг аж. Энэ оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр түүний хөгжөөн дэмжигчид эрс олширсон бөгөөд цаашид тэднийхээ итгэлийг алдахгүй байх нь түүний зорилго гэнэ.