Rizin 14: Теншин Насүкава гэж хэн бэ

1483

Мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мэйвэйдер өчигдөр гэнэтийн мэдээлэл хийв. Их спортоо орхисон ч тэр эргэн ирж буйгаа зарласан юм. Гэхдээ түүний сонголт бокс бус холимог тулаан. Конор МакГрегор эсвэл Хабиб Нурмагомедов бус Японы кикбоксчин Теншин Насүкаватай он солигдох өдөр тулалдана.

Ингэхэд Теншин Насүкава гэж хэн бэ? Япондоо алдартай тулаанч эр дөнгөж 20 настай ч кикбоксын ертөнцөд 27 дараалан ялж, одоогоор холимог тулаанаар дөрөв дараалан ялаад буй энэ эр богино хугацаанд дэлхий нийтийн танил боллоо.

Тэдний тулаан арванхоёрдугаар сарын 31-нд Саитама спортын ордонд болно.




ТЕНШИН НАСҮКАВА ГЭЖ ХЭН БЭ?

  • Нас: 20 (1998 оны наймдугаар сарын 18-нд төрсөн)
  • Өндөр: 165 см
  • Жин: 60 кг
  • Тулааны арга: Кикбокс, Каратэ, Муай Тай бокс
  • Кикбокс: 27 тулаан хийж бүгдэд нь ялсан
  • Холимог тулаан: 4 тулалдаж бүгдэд нь ялсан

Т.Насүкаваг аав нь дасгалжуулдаг. Хироюки Насүкава төрсөн охиноо мөн дасгалжуулдаг аж. Түүний охин, Теншиний төрсөн дүү 16 настай Рири Насүкава энэ сарын 11-нд “Rise 129”-т тулалдахаар бэлдэж байгаа аж.

Теншин зургаан настайгаасаа каратэгаар хичээллэсэн ч зургадугаар ангид байхдаа кикбокст дурлаж эхэлсэн юм. 18 нас хүрч, мэргэжлийн кикбоксын тулаанч болохоосоо өмнө сонирхогчийн ангилалд 111 тулаан хийж, 105-д нь ялсан түүхтэй.

Тэр манай гаригаас өөр амьдрал бий гэдэгт итгэдэг. Ф.Мэйвэйдертэй тулалдах болсон талаар “Миний амьдралын хамгийн том тулаан гэдэгт итгэлтэй байна. Өрсөлдөгчийг маань өмнө нь ялсан хүн үгүй. Тиймээс түүнийг ялж, түүхийг өөрчлөх болно” гэж ярьжээ.


“RIZIN” ТУЛААНЫ ХОЛБОО ГЭЖ ЮУ ВЭ?

Японы холимог тулааны холбоо. Т.Насүкавагийн харьяалагдаж буй тус холбоо Япондоо хамгийн нэр хүндтэй тулааны холбоо гэж хэлж болно. 2015 онд байгуулагдсан тус холбоо ижил төрлийн “PRIDE” болон “DREAM”-ээс хожуу байгуулагдсан ч нэр хүнд цар хүрээгийн хувьд ижил түвшинд очсон гэж хэлж болно. Анх байгуулагдсан цагаас хойш 16 тулаан зохион байгуулсан бөгөөд Японы Саитама, Нагоя, Фүкүока, Ёкохама хотод тэмцээн зохион байгуулсан.