Формула 1: Британид төрсөн Тайланд нисгэгч 2019 оноос “Торо Россо” багт уралдах боллоо

842

“Ред Булл”-ын залуучуудын багийн нисгэгч Александр Албон ирэх оноос Формула 1-ийн нисгэгч болно. Тэрбээр Английн Лондон хотод төрсөн ч Тайландын иргэншилтэй юм.

Өдгөө 22 настай залуу эр А.Албон ирэх улиралд “МакЛарен” багийг төлөөлөх шинэков Ландо Норрис болон “Мерседес”-т Льюс Хэмилтоны хамт уралдах Жорж Рассел нарын хамтаар 2019 оны шинэ нисгэгчид болж байна.

А.Албон “Торо Россо” багийн нисгэгч асан Шинэ Зеландын Брэндон Хартлэйг ирэх улиралд орлох аж.

Тэрбээр 2012 онд анх “Ред Булл” багийн хөтөлбөрт багтсан ч удалгүй хасагдаж байсан гашуун туршлагатай. Гэхдээ эргэн ирж, залуучуудын багт орж чадсан юм. “Формула 1-т уралдах хялбар биш гэдгийг тэгэхэд би мэдэрсэн. Надад хоёр дахь боломжийг олгосон “Ред Булл” багийн эзэн Хэлмут Маркод талархлаа илэрхийлье. Формула 1-т уралдах нь миний мөрөөдөл байлаа” гэж тай эр ярьжээ.

Ийнхүү А.Албон 1950-54 оны хооронд Формула 1-т уралдаж байсан Ханхүү Бира буюу Банудей Банубандаас хойш авто спортын оргилд уралдах болсон анхны тай нисгэгч болсон юм.