Шатар: Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгааллаа

1265

Шатрын дэлхийн чансааг тэргүүлж буй Норвегийн Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгааллаа. Тэрбээр итали гаралтай АНУ-ын шатарчин Фабиано Каруанаг 12 өргийн дараа рапид тоглолтоор илүүрхсэн юм.

М.Карлсен түргэн тоглолтод өрсөлдөгчөө гурван удаа ялснаар америкчуудын Бобби Фишерээс (1972) хойш анхны шатрын дэлхийн аваргатай болох мөрөөдлийг хойшлууллаа. Энэ “тулаан” 12 өрөг тэнцээгээр өндөрлөж, эцэст нь түргэн тоглолтоор шийдвэрлэсэн юм.

Магнус ялалтынхаа дараа “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Фабиано маш сайн тоглолт үзүүллээ. Тэр маш хүчтэй өрсөлдөгч байлаа” гэж ярьжээ.

Норвеги шатарчин өмнө нь гурван удаа аваргаа хамгаалсан, тиймээс ч энэ тоглолтод хожих магадлал илүү гэгдэж байсан юм. Хэдийгээр дутуу үнэлэгдсэн ч Фабиано амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулж, 12 өргийн турш тэнцсэн билээ.

Дэлхийд чансаагаар тэргүүлж буй шатарчид

М.Карлсенд тэмцээнийг эрт дуусгах боломж цөөнгүй гарсан. Есдүгээр өрөг дээр тэр ялах боломжоо харж чадаагүй бол гурван цаг үргэлжилсэн сүүлийн өрөгт 31 нүүдлийн дараа тэнцээ санал болгосон юм.

Түүний энэ саналын талаар Оросын их мастер Гари Каспаров өөрийн цахим хуудсандаа “Магнус тэнцэх санал тавьсан нь гэнэтийн байлаа. Түргэн тоглолт түүний давуу тал болохгүй” гэх зэргээр бичиж байсан билээ.

Шатрын ДАШТ-ий рапид тоглолт 25 минутаар үргэлжилсэн бөгөөд нүүдэл бүрт 10 секунд нэмэгддэг. Дөрвөн тоглолтын турш хэн нэгэн нь илүү ялалт авч чадаагүй бол блиц буюу түргэвчилсэн тоглолт руу орох байв. Блиц тоглолт таван минутаар үргэлжлэх бөгөөд нүүдэл бүрт гурван секунд нэмэгдэх аж.