Хоккейн ертөнц эхнээсээ төгсөх хүртлээ дуулианаар дүүрэн үргэлжлэв. Стэнлийн цомын төлөө өрсөлдсөн “Бостон”, “Сэнт Луис Блюз” багийн цуврал долоон тоглолтод хүрч, улмаар Бостон хотод болсон сүүлийн тулаанд 4:1-ээр “Блюз” ялалт байгуулснаар 52 жилийн дараа Стэнлийн цомыг хүртлээ.

Энэ баг 1967 онд байгуулагдсан. Тэр үеэс хойш гурван удаа финалд шалгарсан ч бүгдэд нь хожигдсон түүхтэй. Харин 52 жилийн Стэнлийн цомыг өргөсөн нь дээд амжилтад тооцогдоно.

Ингээд шинэхэн аваргуудтай холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.

.1. “Сэйнт Луис Блюз” Стэнлийн цомыг 1967 оноос хойш буюу 52 жилийн хугацаанд хүртээгүй анти үзүүлэлтээс салсан тул одоо 51 жил түрүүлээгүй “Торонто Мапл Лифс” үлдлээ. “Сэйнт Луис Блюз”-тай харьцуулахад Стэнлийн цомыг 13 удаа хүртсэн бардам амжилттай ч торонточууд 1966-67 оны улирлаас хойш 50 гаруй жилийн хугацаанд түрүүлээгүй явна. Харин Стэнлийн цомд огт түрүүлээгүй 11 баг үлдсэнээс 48 жил хүлээж буй “Баффоло Сабрес”, “Ванкувер Канюкс” багууд тэргүүлж байна.

2. Зөвхөн баг нь ч бус энэ багийн бүрэлдэхүүнд буй нэг ч тоглогч өмнө нь Стэнлийн цомыг хүртэж байсангүй. Орчин цагт буюу 1943-44 оноос хойш ийм амжилт үзүүлсэн дөрөв дэх, сүүлийн 30 жилд анхных нь боллоо. Тодруулбал, 1974 онд “Филадельфи Флайрс”, 1980 оны “Нью Йорк Айсландерс”, 1989 онд “Калгари Фламес” үзүүлж байлаа.

3. “Сэйнт Луис Блюз” хасагдах шатанд нийт 26 тоглолтын дараа аваргалсан нь 2014 онд түрүүлсэн “Лос Анжелес Кингз”-тэй ижил үзүүлэлт аж.

4. Өнгөрсөн нэгдүгээр сард “Сэйнт Луис Блюз” NHL-ийн 31 багаас амжилтаараа 31-т жагсаж байлаа. Хойд Америкийн мэргэжлийн дөрвөн том лигт нэг улиралд багтаж ийм амжилт үзүүлсэн баг өмнө нь гарч байгаагүй юм.

5. Хаалгач Жордан Биннигтон хасагдах шатны 16 тоглолтод ялалт байгуулсан. Анхны улиралдаа ийм амжилт үзүүлсэн хаалгач түүнээс өөр үгүй.

6. Сүүлийн 11 улиралд Стэнлийн цом өргөсөн багуудаас дөрөв нь улирлын дундуур дасгалжуулагчаа сольжээ. Шинэхэн аваргууд өнгөрсөн арваннэгдүгээр сард Майк Еогийг халж оронд нь Крайг Берүбег томилсон юм. Тэднээс өмнө “Питсбург Пенгуинс” эхний улиралд Дан Билсмаг, дараа нь Майк Сулливаныг, “Лос Анжелес Кингз” Даррил Сюттерийг улирлын дундуур томилоод тухайн жилдээ аварга болсон түүхтэй.

7. Стэнлийн цомд хамгийн шилдэг амжилт үзүүлсэн тоглогчийг “Конн Смайт”-ын цомоор шагнадаг. Энэ удаад багаа аваргын цомд хөтөлсөн Райан О’Райли уг шагналыг хүртлээ. Өдгөө 28 настай канад довтлогч Стэнлийн цомын дөрвөн тоглолт дараалан гоол оруулж, алдарт Уэйн Гретцкигийн 1985 оны финалд үзүүлсэн амжилтыг нь давтлаа. Тэрбээр хасагдах шатны 26 тоглолтод найман гоол, 15 оновчтой дамжуулалт хийсэн юм.

8. “Сэйнт Луис Блюз” баг нэг плей-оффт зочин багийн хувиар 10 ялалт байгуулсан лигийн зургаа дахь баг болов. Хамгийн сүүлд өнгөрсөн жил “Вашингтон Капиталс” ийм амжилт үзүүлж байлаа.

9. Стэнлийн цомд Канадын баг 1993 оноос хойш түрүүлээгүй. Гэхдээ “Сэйнт Луис”-ын бүрэлдэхүүнд 20 канад тоглогч байдаг аж. Энэ тоогоороо тэд лигийг тэргүүлдэг.

10. Эцэст нь нэгэн сонирхолтой баримтыг хүргэе. Өдгөө 33 настай Трой Брауэрын нэгэн цагт данстай байсан “Чикаго Блэйкхаукс”, “Вашингтон Капиталс”, “Сэйнт Луис Блюз” багууд аваргын цом хүртлээ. Одоо “Калгари Фламес” болон “Флорида Пантерс” баг аваргалах үлдэв.