Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Копа Америка 2019” буюу Өмнөд Америкийн АШТ энэ долоо хоногийн сүүлээр эхэлнэ. Талбайн эзэн Бразил эхний тоглолтыг Боливтой хийснээр тус тэмцээн нээлтээ хийх юм.

Хэзээ эхлэх вэ?

Зохион байгуулагч Бразил улс “А” хэсгийн эхний тоглолтыг Боливтой хийснээр тэмцээн эхэлнэ. Тодруулбал, зургадугаар сарын 15-нд Сао Пауло хотод орших 77 мянган хүний суудалтай “Морумби” цэнгэлдэхэд нээлт болно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар VI сарын 15-нд өглөөний 8:30 цагт эхлэх аж.

Хэдэн баг оролцох вэ?

Тэмцээнд хоёр холбооны 12 баг өрсөлдөнө. Үүнээс Өмнөд Америк тивийн 10, Азийн хоёр баг байх аж.

Нийт 12 баг гурван хэсэгт хуваагджээ.

  • А хэсэг: Болив, Бразил, Перу, Венесуэл
  • Б хэсэг: Аргентин, Колумб, Парагвай, Катар
  • С хэсэг: Чили, Эквадор, Япон, Парагвай

Хэсгийн нийт 26 тоглолтын хуваарийг энд дарж үзнэ үү

Хэсгээ тэргүүлсэн болон удаалсан багууд хасагдах шатанд шууд шалгарах эрхээ авах бол гуравдугаар байр эзэлсэн багуудыг оноогоор нь жагсаагаад хамгийн их оноотой хоёр баг шөвгийн 8-д оролцох юм.

Алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэн

Энэ удаагийн тэмцээнийг Бразилын таван хотод зохион байгуулна. Эдгээр нь Салвадор (Фонте Нова), Рио де Жанейро (Маракана), Сао Пауло (Морумби), Бело Хоризенти (Минейрао), Порто Алегре (Гремио) хот аж.

Бразил улс 30 жилийн дараа тус тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм. Тус улсын хөлбөмбөгчид эх орондоо болсон бүх тэмцээнд түрүүлсэн билээ. (1919, 1922, 1949, 1989)

Япон болон Катар улс оролцох болсон шалтгаан юу вэ?

Катар улс өнгөрсөн хоёрдугаар сард Азийн аварга болсон билээ

Хэдийгээр Өмнөд Америкийн АШТ боловч Азийн бүсээс Япон болон Катар улс энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцох юм. Өмнөд Америкийн бүсийн 10 баг байдаг тул энэ тоог 12-т хүргэх зорилгоор шар тивээс баг урьдаг уламжлалтай.

2016 оны “Копа Америка”-д Ази болон Хойд Америкаас зургаан баг урьж, 16 багтай оролцож байлаа. Харин энэ удаагийн тэмцээнийг 1993 оноос хойш мөрдөж буй 12 баг өрсөлдүүлэхээр зохион байгуулагчид шийдвэрлэсэн юм. Улмаар энэ жилийн Ази тивийн АШТ-д финалдсан хоёр баг болох Япон, Катарыг урьжээ.

Өмнөх жилийн аварга баг

Чили сүүлийн хоёр тэмцээнд түрүүлсэн

46 дахь удаагийн “Копа Америка”-д аваргаа хамгаалах зорилготой баг бол Чили. Тэд сүүлийн хоёр тэмцээнд Аргентинийг ялснаар дараалан түрүүлээд буй.

Харин хамгийн олон түрүүлсэн баг бол уругвайчууд. Тэд тивийнхээ аваргад 15 удаа манлайлсан үзүүлэлтээр тэргүүлдэг бол Аргентин 14, Бразил найм түрүүлсэн амжилтаар удаалдаг. Аргентинчууд 1993 онд хамгийн сүүлд түрүүлсэн бол Уругвайн хөлбөмбөгчид 2011 онд цом өргөсөн билээ.