“Forbes” сэтгүүлээс энэ оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтыг Аргентинийн шигшээ багийн болон Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси тэргүүлсэн юм.

Аргентин довтлогч 2017 оны арваннэгдүгээр сард “Барселона”-тай гэрээгээ сунгасан. Энэ гэрээнийхээ ачаар Л.Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин гэх жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж байна.

Түүнчлэн бүх насаараа “Adidas”, “Mastercard”, “PepsiCo” брэндийн сурталчилгааны хүн болсон Л.Месси энэ жил үнэт эдлэл, бугуйн цагаараа алдартай “Jacob & Co” компанитай шинэ гэрээ байгуулсан юм. Түүний нэрийн бугуйн цаг 180 ширхэг үйлдвэрлэгдэж тус бүр нь 28 мянган “ногоон”-оор худалдаанд гарсан аж.

2019 оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчид

Талбайн гадна Ж.Пике чадварлаг бизнесмэн. Спортоор дагнасан “Kosmos” групп байгуулсан билээ.

20. Жерард Пике

  • Нийт орлого: 21.7 сая ам.доллар
  • Цалин ба Урамшуулал: 17.7 сая
  • Бусад орлого: 4 сая
  • Хамтрагч байгууллага: Nike компани
  • Клуб: Барселона Улс: Испани Нас: 32

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Барселона” багтайгаа хийсэн гэрээгээ шинэчилж, 2022 оны зургадугаар сарыг дуустал Кэмп Ноуд зүтгэх болсон Ж.Пике талбайн гадна ч чадварлаг бизнесмэн. Токиод төв нь байрладаг, “Барселона” клубийн өмсгөлийн ивээн тэтгэгч “Rakuten” группийн эзэн ноён Хироши Микитанитай хамтарч, спортын “Kosmos” фирмийг үүсгэн байгуулаад өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Уг фирм саяхан Олон улсын талбайн теннисний холбоотой хамтарч, 25 жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан.

19. Гразиано Пелле

  • Нийт орлого: 21.7 сая ам.доллар
  • Цалин ба Урамшуулал: 20.7 сая
  • Бусад орлого: 1 сая
  • Хамтрагч байгууллага: Nike компани
  • Клуб: Шандон Лунэнг Улс: Итали Нас: 33

Пелле 2016 онд Английн “Саутхэмптон” клубийг орхиж, БНХАУ-ын “Шандон Лунэнг” клубтай гэрээ байгуулснаар хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болсон билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Европын багууд түүнийг сонирхсон ч Хятадын багийг орхиогүй юм.

18. Серхио Рамос

  • Нийт орлого: 21.9 сая
  • Цалин ба Урамшуулал: 19.9 сая
  • Бусад орлого: 2 сая
  • Хамтрагч байгууллага: Nike компани
  • Клуб: Реал Мадрид Улс: Испани Нас: 33

С.Рамосыг Хятадын клуб сонирхож, өндөр гэрээ санал болгосон ч 2020 оны дуустал “Реал Мадрид”-д үнэнч зүтгэхээ амласан билээ. Энэ сард гурван хүүхдийнх нь ээж, Испанийн телевизийн шоуны од Пилар Рубиотой албан ёсоор гэрлэсэн С.Рамос “Amazon Prime”-тай хамтарч, өдөр тутмынхаа амьдралын тухай баримтат кино хийж байгаа юм.

17. Хамес Родригес

  • Нийт орлого: 22.1 сая
  • Цалин ба Урамшуулал: 16.3 сая
  • Бусад орлого: 4.5 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas, Marc Jacobs, Hublot
  • Клуб: Байерн Мюнхен/Реал Мадрид Улс: Колумб Нас: 27

2014 оны ДАШТ-ээр гялалзаж, алтан шаахай авсныхаа дараагаар “Реал Мадрид”-тай нүсэр гэрээ байгуулсан ч сэлгээний суудлаас салаагүй билээ. Улмаар 2017 оноос хойш Германы “Байерн Мюнхен” клубт зээлээр тоглож байгаа юм. Талбай дээр гялалзах нь багассан ч Хамес одоог хүртэл бизнесийн хүрээнд эрэлттэй хэвээр байгаа аж.

16. Тиаго Сильва

  • Нийт орлого: 22.5 сая
  • Цалин ба Урамшуулал: 21.5 сая
  • Бусад орлого: 1 сая
  • Хамтрагч байгууллага: Nike компани
  • Клуб: ПСЖ Улс: Бразил Нас: 34

Францын “ПСЖ” багийн ахлагч Тиаго Сильва зургаан жил хагас Францад тоглосныхоо дараагаар буюу өнгөрсөн гуравдугаар сард тус улсын иргэншилтэй болсон билээ. Өдгөө 34 настай Т.Сильва 2020 оны зургадугаар сар хүртэл гэрээгээ үргэлжлүүлэх юм.

15. Серхио Агуэро

  • Нийт орлого: 22.6 сая
  • Цалин ба Урамшуулал: 17.1 сая
  • Бусад орлого: 5.5 сая
  • Хамтрагч байгууллага: Puma, Pepsi
  • Клуб: Манчестер Сити Улс: Аргентин Нас: 31

“Кун” Агуэро 2011 оноос хойш “Манчестер Сити”-гийн довтлогчоор талбайд гарах болсон тэр үеэс хойш өнгөрсөн жил багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ. Энэ хугацаанд тэрбээр 201 тоглолтод оролцохдоо 199 гоол оруулсан юм. Уг онцгой амжилтад нь зориулж, “Puma” брэнд алтан шаахай бэлэглэсэн удаатай. Тэрбээр багтайгаа байгуулсан гэрээг нэг жилээр сунгаж, 2021 оны есдүгээр сар хүртэл хүчин зүтгэхээр болсон юм.

14. Луис Суарес

  • Нийт орлого: 23.6 сая
  • Цалин ба Урамшуулал: 20.1 сая
  • Бусад орлого: 3.5 сая
  • Хамтрагч байгууллага: Puma
  • Клуб: Барселона Улс: Уругвай Нас: 32

Уругвай довтлогч 2021 оны долдугаар сар хүртэл “Барселона”-тай гэрээтэй. Энэ хугацаанд тэр 20 сая орчим ногооныг цалин болон урамшуулалд авах билээ. Өнгөрсөн наймдугаар сард “Adidas” брэндээ “Puma” болгон өөрчилсөн Л.Суарес саяхнаас бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Тодруулбал, БНХАУ-д “Tronsmart” хэмээх техник, технологи компанид хөрөнгө оруулалт хийсэн бол Малайзид аялал жуулчлалын салбарт компани байгуулсан аж.

13. Анхел Ди Мариа

  • Нийт орлого: 23.7 сая
  • Цалин ба Урамшуулал: 21.7 сая
  • Бусад орлого: 2 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas
  • Клуб: ПСЖ Улс: Аргентин Нас: 31

Аргентин довтлогч өнгөрсөн аравдугаар сард Францын “ПСЖ” клубтэйгээ гэрээгээ шинэчилж, 2021 оны зургадугаар сар хүртэл сунгасан.

12. Мохамед Салах

  • Нийт орлого: 25.1 сая
  • Цалин ба Урамшуулал: 16.1 сая
  • Бусад орлого: 9 сая
  • Хамтрагч байгууллага: Adidasь EA Sports, Vodafone, DHL, AlexBank
  • Клуб: Ливерпуль Улс: Египет Нас: 26

М.Салах 2018 оны долдугаар сард гэрээгээ шинэчилж, таван жил багтаа зүтгэхээр болсон юм. Ингэснээр урамшуулал нь нэмэгдээд жилд 16.1 сая “ногоон” халааслах болжээ. Одоо тэр “Adidas” брэндийн нүүр царай болоод буй.

11. Гарет Бэйл

  • Нийт орлого: 27.1 сая
  • Цалин ба Урамшуулал: 20.6 сая
  • Бусад орлого: 6.5 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas, Wish
  • Клуб: Реал Мадрид Улс: Уэйлс Нас: 29

Г.Бэйл 2016 оны аравдугаар сард гэрээгээ шинэчилж, 2022 оны зургадугаар сар хүртэл сунгасан. Энэ гэрээний дагуу Г.Бэйл дээд тал нь 33 сая ногооны цалин болон урамшуулал авах боломжтой. Уэйлс залуу хөлбөмбөгөөс гадна гольф сонирхдог. “Adidas” брэндтэй 2020 он хүртэл гэрээ байгуулсан билээ.

10. Антон Гриззман

  • Нийт орлого: 27.7 сая
  • Цалин ба Урамшуулал: 23.2 сая
  • Бусад орлого: 4.5 сая
  • Хамтрагч байгууллага: Puma, Huawei
  • Клуб: Атлетико Мадрид Улс: Франц Нас: 28

А.Гриззман өөрийнхөө твиттер хуудсаар дамжуулан таван жил зүтгэж, 260 тоглолтод 133 гоол оруулсан “Атлетико Мадрид” багаа энэ жил орхихоор зарласан юм.

9. Оскар

  • Нийт орлого: 29 сая
  • Цалин ба Урамшуулал: 27 сая
  • Бусад орлого: 2 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas
  • Клуб: Шанхай СИПГ Улс: Бразил Нас: 27

Английн “Челси” клубт таван жил данстай явж, энэ хугацаанд хоёр ч удаа лигийн аварга болсон Оскар 2017 оны нэгдүгээр сард бүгдийг гайхшруулсан шийдвэр гаргаж байлаа. Өдгөө 27 настай бразил эрийн цалин ч тэнгэрт хадсан. Оскар Хятадын лигт 19 дамжуулалт, 12 гоол оруулсан үзүүлэлттэйгээр баг нь лигийн аварга болсон билээ.

8. Мэсүт Өзил

  • Нийт орлого: 30.2 сая
  • Цалин ба Урамшуулал: 23.7 сая
  • Бусад орлого: 6.5 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas, Mercedes Benz, Beats by Dre
  • Клуб: Арсенал Улс: Герман Нас: 30

Мэсүт Өзил өнгөрсөн онд eSports-ын “M10” хэмээх багийг санхүүжүүлж, EA SPORTS FIFA-гийн тэмцээнд оролцож байлаа. Ьүүний шинэ бизнес энэ жил ч өргөжин тэлсэн юм.

7. Клиан Мбаппе

  • Нийт орлого: 30.6 сая
  • Цалин ба Урамшуулал: 26.6 сая
  • Бусад орлого: 4 сая
  • Хамтрагч байгууллага: Nike, Hublot, Good Gout
  • Клуб: ПСЖ Улс: Франц Нас: 20

Энэ жагсаалтад хамгийн залуудаа багтсан К.Мбаппе 2022 он хүртэл “ПСЖ”-дээ зүтгэх гэрээтэй. ДАШТ-д түрүүлсэн шагналынхаа 500 мянган ам.долларыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зарцуулсан К.Мбаппе өнгөрсөн онд алдартай цаг үйлдвэрлэгч компани болох “Hublot”-ын албан ёсны элч болсон билээ.

6. Алекс Санчес

  • Нийт орлого: 30.8 сая
  • Цалин ба Урамшуулал: 28.3 сая
  • Бусад орлого: 2.5 сая
  • Хамтрагч байгууллага: Nike
  • Клуб: Манчестер Юнайтед Улс: Чили Нас: 30

А.Санчес долоо хоногт 500 мянган ам.долларын цалин авч, Улаан чөтгөрүүдтэй гэрээ байгуулсынхаа урамшуулалд 2022 оны хүртэл нэг сая ногооны урамшуулал авах болсон билээ.

5. Андрес Иньеста

  • Нийт орлого: 32.5 сая
  • Цалин ба Урамшуулал: 30 сая
  • Бусад орлого: 2.5 сая
  • Хамтрагч байгууллага: Asics
  • Клуб: Виссель Кобэ Улс: Испани Нас: 35

Испани эр “Барселона”-гийн хүүхдийн академиас хойш 22 жил энэ багт үнэнч зүтгэсний эцэст 2018 оны тавдугаар сараас хойш Япон руу нүүсэн билээ. Багаа сольсныхоо дараа 19 жил хамтарч ажилласан “Nike”-тай хийсэн гэрээ нь дууссан тул Японы “Asics” брэндийг сурталчлах болсон юм.

4. Пол Погба

  • Нийт орлого: 33 сая
  • Цалин ба Урамшуулал: 29 сая
  • Бусад орлого: 4 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas
  • Клуб: Манчестер Юнайтед Улс: Франц Нас: 26

Дөрвөн жил “Ювентус”-т зүтгэсэн Пол Погба 2016 онд “Манчестер Юнайтед” багт эргэн ирсэн. Таван жилийн хугацаанд жилд багадаа 20 сая ам.долларын цалин авах гэрээтэй.

3. Нэймар

  • Нийт орлого: 105 сая
  • Цалин ба Урамшуулал: 75 сая
  • Бусад орлого: 30 сая
  • Хамтрагч байгууллага: Nike, Red Bull, EA Sports, Mastercard, Gaga Milano, Gillette, Beats by Dre, DAZN
  • Клуб: ПСЖ Улс: Бразил Нас: 27

Өдгөө 27 настай бразил эр “Барселона”-гаас Францын “ПСЖ”-д ирэхдээ ойролцоогоор 600 сая ам.долларын цалин ба урамшуулал авахаар таван жилийн гэрээ байгуулсан. Зөвхөн цалин нь гэхэд 350 сая “ногоон” хүрэх аж. Нийгмийн сүлжээнд ч 223 сая дагагчтай гэдгээрээ К.Роналдугийн ард жагсдаг тамирчин юм.

2. Криштиану Роналду

  • Нийт орлого: 109 сая
  • Цалин ба Урамшуулал: 65 сая
  • Бусад орлого: 44 сая
  • Хамтрагч байгууллага: Nike, Herbalife, Altice, DAZN, MTG, Electronic Arts, CR7 line of denim
  • Клуб: Ювентус Улс: Португал Нас: 34

“Реал Мадрид” багийн төлөө 9 жил зүтгээд эцэст нь Италийн “Ювентус”-ыг сонгосон К.Роналду дөрвөн жилд дунджаар 65 сая “ногоон” авах гэрээг байгуулсан. “Ювентус” түүнийг авсан эхний өдрөө л 520 мянган өмсгөл борлуулж, 60 сая ам.долларын ашиг хийсэн билээ.

1, Лионель Месси

  • Нийт орлого: 127 сая
  • Цалин ба Урамшуулал: 92 сая
  • Бусад орлого: 35 сая
  • Хамтрагч байгууллага: Adidas, Gatorade, Lays, Pepsi, Ooredoo, Mastercard, Jacobs & Co
  • Клуб: Барселона Улс: Аргентин Нас: 32

Л.Месси багийнхаа төлөө 687 тоглолтод оролцож, 603 гоол оруулсан. Нийт 33 цом өргөж, 10 удаа Ла Лигт түрүүлсэн билээ. Өдгөө “Барселона” багтаа 2020-21 оныг дуустал зүтгэх гэрээтэй бөгөөд жилд дунджаар 80 сая орчим ам.долларын цалин авах юм.