Нэгэн цагт NBA-гийн хамгийн өндөр тоглогч гэгдэж байсан Манут Болын төрсөн хүү Бол Бол энэ жилийн NBA-гийн драфтад нэр дэвшсэн. Шинжээчид 218 см өндөртэй, 107 кг жинтэй төвийн тоглогчийг топ 10-аар багтах тоглогчийн нэг гэж үзэж, драфтын сонгон шалгаруулалтад уригдсан 20 тоглогчийн нэг болсон юм. Гэвч багууд түүнийг сонгосонгүй. Бүр эхний бүсээс унаж, хоёрдугаар тойргийн №44-өөр “Майами Хит” баг сонгоод “Денвер Наггетс” руу солилцоонд явуулсан билээ.

АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Бруклин дүүргийн “Barclays Center”-т ирээдүйн NBA-гийн одод чуулж байлаа. Энд ирээдүйгээ тодорхойлох авьяаслаг 20 тоглогч хуран цугласан юм. Хэдхэн хормын дараа тэд лигийн шинэ тоглогчид болж, амьдралынхаа нэгэн хуудсыг нээх байв.

Аз одтой аавын хөвгүүдийн дотроос нэгэн нэр олны анхаарлыг татаж байлаа. Энэ бол Бол Бол. Үнэндээ энэ нэр бол NBA-д хэдийнэ танил болчихсон. Бол Болын эцэг Манут Бол 1990-ээд оны үед лигт мөрөө тамгалж, 1985 оны драфтын хоёрдугаар бүсийн 31-ээр “Вашингтон Буллетс” багт данслагдсан нэгэн. М.Бол 231 см өндөртэй, үүгээрээ тэр лигт тоглож байсан хамгийн өндөр хоёр тоглогчийн нэг болсон түүхтэй. NBA-д өнгөрүүлсэн 11 жилийн хугацаанд М.Бол дундажаар нэг тоглолт хийсэн хаалтаараа хоёрдугаарт, нийт хаалтаар 15-д бичигдэж байлаа.

Бол Бол

Харин түүний хүү Бол Бол ааваасаа дутахгүй авьяастай. Ахлах сургуулийн таван одтой тоглогч байсан ч Орегон их сургуульд өнгөрүүлсэн анхны жилээ есөн тоглолтод оролцоод 21 оноо, 9.6 самбар, 2.7 хаалт гүйцэтгэсэн нь чамлахаар үзүүлэлт биш. Харамсалтай нь, хөлөндөө хүнд бэртэл авснаар улирал дуустал тоглох боломжгүй болсон юм.

Гэхдээ шинжээчид түүнийг өндөр үнэлж байлаа. Ааваасаа илүү тоглогч болох магадлалтай гэж үзээд драфтад дээгүүр дэвшүүлсэн. Тэр ч бүү хэл NBA-гийн хамгийн доминант төвүүдийн нэг явсан Шакил О’Нил түүнийг Зайон Уильямсоноос ч илүү амжилтад хүрэх тоглогч хэмээн үнэлж байв. Гэхдээ багийн менежерүүд ингэж бодсонгүй. Түүнийг NBA-гийн нэгэн цаг үеийн золиос боллоо гэж үзэхэд буруудахгүй. Өмнө нь өндөр нуруутай, ур чадвар сайтай төвийн тоглогчид лигт ус агаар мэт хэрэгцээтэй байлаа. Ур чадварын хувьд шалихгүй боловч том биетэй тоглогчид драфтад дээгүүр байр эзэлдэг байсан юм. Харин одоо Б.Бол шиг тоглогч хоцрогджээ.

Харин Б.Бол бусдын буруу байсныг батлах зорилготой гэдгээ ярив. “Денвер Наггетс” шиг чадварлаг багт очиж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн судан эр “Өөрийнхөө биеийн өндөртэй харьцуулахад хангалттай ур чадвартай гэж боддог. Би бөмбөгийг ямар ч байрлалаас шидэж чадна, дамжуулалт өгнө, хүссэнээрээ залж дөнгөнө. Над шиг өндөртэй хүмүүст баймгүй ур чадвартай гэдгээ харуулна” гэж ярьжээ.

Бол Бол

Б.Бол ийн хойгуур сонгогдсон бас түүний гэмтлийн түүхтэй холбоотой. Хөлөндөө бэртэл авахаас өмнө драфтын эхний тавд багтахад гайхах зүйлгүй байлаа. Харин түүнд эрсдэл гаргах дуртай “Денвер” боломж олгохоор шийдсэн юм.

Өнгөрсөн жилийн драфтад мөн л дээгүүр нэрлэгдэж байсан ч гэмтлийн улмаас доошоо унасан Майкл Портэр Жуниорыг сонгож авсан “Шижир алтнууд” дахин нэг эрсдэлтэй сонголт хийсэн нь энэ юм. Тус багийн сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч Тим Коннели хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байгаа аж.