Алдарт Лэброн Жэймс замналынхаа турш №23 дугаараа хоёр дахь удаагаа солих болов. Тэрбээр Энтони Дэвист энэ дугаараа “бэлэглэж”, өөрөө №6 дугаартай талбайд гарна.

“Лос Анжелес Лэйкерс” баг албан ёсоор Энтони Дэвисийг авлаа. “Нью Орленс Пеликанс” солилцоог хүлээн зөвшөөрөөд хоёр долоо хоногийн дараа албан ёсоор баталсан юм. Учир нь тэр дор нь наймааг хийсэн бол “Лэйкерс”-ийн цалингийн цэс дахин нэг од тоглогч авчрахад хүрэлцэхгүй байлаа.

Мо Вагнер, Исаак Бонга, Жемеррио Жонс нарыг “Вашингтон Визардс” руу илгээж, үүн дээр 2022 оны хоёрдугаар бүсийн эрх нэмэгджээ. Харин “Визардс” дээрх гурван тоглогчийг аваад “Пеликанс” руу бэлэн мөнгө илгээснээр гурван багийн хооронд солилцоо явагдаж, Э.Дэвис албан ёсоор “Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд багтлаа. Солилцоог долдугаар сарын 6-нд албан ёсоор батлах болно.

Үүн дээр нэмээд Э.Дэвис солилцооноос ирэх 4 сая “ногоон”-оо авахгүй байх тохироо хийснээр “Лэйкерс” 32 сая ам.долларын цалингийн зай гаргав. Үүний ачаар тэд макс гэрээ буюу цалингийн дээд хязгаарыг тоглогчдод санал болгох боломжтой болсон. Кавай Леонард, Кайри Өрвинг, Жимми Батлер нарт 32.7 саяыг, Д’Анжело Расселлд 27.3 саяыг өгөх боломжтой гэсэн үг.

Шинэ тоглогчтой болох аян зөвхөн од тоглогчоор хязгаарлагдахгүй. Одоогоор “Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд албан ёсны гэрээтэй дөрвөн тоглогч бий. Үүн дээр энэ жилийн драфтын №46-гаар сонгож авсан Тален Хортон Такер нэмэгдэнэ.

Э.Дэвисийн солилцоо нааштай болсон энэ үед Лэброн Жэймс өөрийн №23 дугаараа шинэхэн хамтрагчдаа өгч, өөрөө №6 дугаартай тоглох гэнэ. Э.Дэвис ахлах сургуулиасаа хойш №23 дугаартай талбайд гарсан. Харин Л.Жэймсийн хувьд “Майами Хит” багт дөрвөн жил болохдоо №6 дугаартай байлаа.