Казахстаны Нур-Султан хотод энэ сарын 12-20-нд паралимпийн нэгэн төрөл болох пара поуэрлифтингийн ДАШТ болж буй. Энэ удаагийн тэмцээнд 78 орноос 441 тамирчин хүч сорьж байгаа юм.

Манай улсаас энэ удаагийн тэмцээнд паралимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ 107 кг жинд хүч сорилоо. Тэрбээр өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн болон Азийн Рекорд тогтоосон билээ. Энэ удаад манай тамирчин эхний оролдлогоор 245 кг захиалсан ч амжилттай болоогүй. Харин хоёр дахь оролдлогоор 247 кг-ыг амжилттай өргөж, дэлхийн рекордыг дахин шинэчлэв. Тэрбээр сүүлийн оролдлогоор 253 кг захиалсан боловч амжилттай болсонгүй.

Пара поуэрлифтингийн ДАШТ-ий 107 кг жинд найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ 247 кг өргөсөн бол мөнгөн медалийг Ираны тамирчин Алиакбар Гарибши 240 кг, хүрлийг Мексикийн Хосе Кастилио 235 кг-ийн амжилтаар хүртлээ.