Кэвин Дюрант бол 2007 оноос хойш өдийг хүртэл лигийн шилдгүүдийн тоонд орж яваа тоглогч. Харин тэр өдийг хүртэл өөрийнхөө өндөрийн талаар худал мэдээлэл өгч байсан “нууц” ил болов.

NBA-гийн зүгээс энэ жилийн бэлтгэлийн бааз нээгдэх үеэр багуудад нэгэн даалгавар өгсөн нь тоглогчдын биеийн өндөр, жин болон төрсөн он сарыг тодорхой мэдээлэх талаар байв. Өмнө нь багийн зүгээс гаргасан хувийн мэдээллийг нягталж, шалгалгүйгээр NBA албан ёсны тоо баримтад бүртгээд явдаг байсан бол одоо өөрчлөгджээ. Тэр ч бүү хэл пүүз өмсөхгүйгээр биеийн өндрийг хэмждэг болов.

Үр дүнд нь өмнө нь олны дунд цуурхал төдий тархсан зарим яриа үнэн болох нь тодорхой болжээ. Тодруулбал, Кэвин Дюрантын биеийн өндрийн талаарх таамаглал. Өдгөө “Бруклин Нэтс”-т данстай К.Дюрант олон жил 6.9 фүүт буюу 205 см өндөртэй гэж зарлаж байлаа. Үнэн хэрэг дээрээ 6.11 фүүт буюу 210 см өндөртэй. Тэр ч бүү хэл пүүз өмсөөд зогсвол 7 фүүт буюу 213 см руу дөхдөг аж.

КД энэ талаар нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэйчүүдэд бол 213 см, сагсан бөмбөгт бол 205 см өндөртэй” хэмээн хошигносон удаатай.

Кэвин Дюрантын 2016 онд олимпийн бэлтгэлд гарсан дээрх зураг ихэд алдартай. ДеМаркус Казинс, ДеАндре Жордан зэрэг төвийн тоглогчдоос дутахгүй өндөр болох нь зураг дээр тод харагддаг. Кэвин Дюрант хожим энэ талаар тайлбарлахдаа хүчний довтлогчоор тоглох сонирхолгүй байсан тул биеийн өндрөө нууцалсан гэж мэдэгдэж байлаа.

КД шиг яг ийм жишээ өмнө нь ч болж байв. Тодруулбал, нэрт сагсан бөмбөгч Кэвин Гарнэтт 7 фүүт буюу 213 см-аас дээш өндөртэй боловч 210 см гэж албан ёсоор бүртгүүлжээ.

Кэвин Гарнетт үнэн хэрэг дээрээ 213-аас дээш өндөртэй

Кэвин Гарнетт залуудаа төвийн тоглогчоор тоглох хүсэлгүй байсан тул биеийн өндрөө нууцалсан аж. Домогт тоглогчдоос өндрийнхөө талаар худал мэдүүлсэн гэдгээ нийтэд зарласан хүн бол Чарлез Баркли. Хүчний довтлогчийн байрлалд гарамгай байсан Ч.Баркли 198 см өндөр буюу уг байрлалд тоглоход хэт намхан нуруутай тоглогч. Үнэн гэвэл Ч.Баркли 198 бус 193 см өндөртэй нэгэн байв.

Кэвин Дюрантын өндрөөс гадна бас нэгэн дуулиан тарьсан асуудал бол “Сакрамэнто Кингс”-ийн хамгаалагч Бадди Хилдийн нас. Лигийн зүгээс албан ёсны бичиг баримт шалгах шаардлага тавьснаар Б.Хилд өмнө нь мэдэгдэж байснаас нас зөрсөн нь түүнийг сэтгүүлчдийн анхаарлын төвд оруулав. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сард 25 нас хүрэх бус 26 нас хүрнэ. Өмнө нь түүнийг 1993 оны арванхоёрдугаар сарын 17-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн боловч үнэндээ 1992 онд төрсөн болохыг баталжээ.

Харин энэ талаар Б.Хилд “Яагаад 1993 онд төрсөн хэмээн буруу тэмдэглэснийг мэдэхгүй. Энэ бол миний алдаа биш. Багийн зүгээс буруу мэдээлэл өгсөн үү, санаатай гуйвуулсан уу, ямар нэг зүйл болсон байх” гэж тайлбарласан байна.