Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.