3х3: 2020 онд биднийг хүлээж буй 10 чухал тэмцээн

3 сарын өмнө Нийтлэгч:

Сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж буй багийн спорт бол 3х3 сагсан бөмбөгийн төрөл. Энэ төрлөөр олимпод оролцох эрх авч, багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Тэгвэл энэ онд болох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний томоохон 10 тэмцээний хуваарийг танилцуулья.

Олимпын эрх олгох тэмцээн

III сарын 18-22 (Энэтхэг)

Эрэгтэй шигшээ баг энэ тэмцээнд оролцоно

Ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох тус тэмцээнийг ДАШТ-тэй зүйрлэж болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан гурван баг “Токио 2020”-ын эрх авах юм. Тус бүр 20 баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг “А” хэсэгт багтсан билээ.

Доха Мастерс

IV сарын 2-3-нд

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах Доха Мастерс дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулагдах болжээ. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангүй эрт болж буй онцлогтой.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

IV сарын 24-26-нд (Унгар)

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт болно. Уг тэмцээнд түрүүлсэн баг л “Токио 2020”-ын тийзээ авах учир багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай улсаас эрэгтэй шигшээ багийн тамирчид эхний тэмцээнд эрхээ авч чадаагүй тохиолдолд оролцох юм. Энэ тэмцээнд сүүлийн хоёр олимпод сагсан бөмбөгийн төрлөөр оролцоогүй улсын тамирчид оролцож байгаагаар онцлогтой.

Азийн АШТ

V сарын 13-17-нд (БНХАУ)

БНХАУ-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх Азийн АШТ-д Австралийн шигшээ баг аваргаа хамгаалах эсэх нь олны анхаарлыг татаж буй. Дөрвөн удаа зохиогдсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд ногоон тивийн сагсан бөмбөгчид тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ.

Европын АШТ

VI сарын 25-27-нд (Бельги)

Өнгөрсөн жил эрэгтэйд Серб, эмэгтэйд Франц Европын аварга болсон билээ. Бельгид олимпын өмнө зохиогдох томоохон тэмцээн гэдгээрээ тивийн аварга олны анхаарлын төвд байх нь гарцаагүй.

Олимп

VII сарын 25-29-нд (Япон)

Японы Токиод болох олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаа багтсан. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаар эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа билээ.

18 хүртэлх насны ДАШТ

VIII сарын 25-30-нд (Унгар)

Унгарын Дебрецен хот таван жилийн дараа дахин 18 хүртэлх насны ДАШТ-ийг зохион байгуулна. 2015 онд хөвгүүдийн ангилалд Шинэ Зеланд, охидын төрөлд Франц түрүүлж байсан юм. Өнгөрсөн жил манай улсад зохиогдсон тэмцээнд АНУ-ын баг анх удаа хоёр төрөлд түрүүлж, түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Эмэгтэй финал

IX сарын 5-6-нд (Канад)

Өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анхны тэмцээнд канадчууд түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 28 баг 14 тэмцээнд цувралаар оролцоод хамгийн өндөр оноотой 12 баг тунаж үлддэг. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 235 оноогоор 14-т жагссан билээ.

Эрэгтэй финал

XI сарын 14-15-нд

Ес дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Сербийн Нови-Сад багийн давамгайллыг хэн зогсоох вэ гэх асуулт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүссэн болов уу. Дусан Булут тэргүүтэй энэ баг дөрвөн удаа түрүүлээд буй.

Африкийн цом

XI сарын 19-22-нд (Уганда)

Угандагийн Кампала хотод болох тус тэмцээнд өнгөрсөн жил Египетийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн.

Сүүлд нэмэгдсэн

Covid 19: К.Роналду цалингаа хасуулсан ч…

Италийн “Ювентус” клуб тоглогч болон дасгалжуулагчдынхаа цалинг танах тохиролцоонд хүрсэн анхны хөлбөмбөгийн баг болсон билээ. Энэ багт дэлхийн хамгийн алдартай… Дэлгэрэнгүй …

Токио 2020: 2021 оны долдугаар сарын 23-нд олимпын нээлт болно

ОУОХ, Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос “Токио 2020”-ыг ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулахаар тохиролцсон гэж Японы “Майничи” мэдээлжээ…. Дэлгэрэнгүй …

ТОКИО 2020: Олимпын шинэ товыг ирэх гурван долоо хоногт зарлана

ОУОХ (IOC) өчигдөр видео хурал зохион байгуулж, “Токио 2020” олимпын шинэ товыг гурван долоо хоногийн дотор зарлахаа мэдэгдэв. ОУОХ-ноос “Токио… Дэлгэрэнгүй …

NBA: Филиппиний ирээдүй Кай Сотто

Кай Сотто 2021 оны драфтад нэр дэвших магадлалтай. Хэрвээ тэр нэрээ дэвшүүлээд багт сонгогдвол Филиппинд төрж өсөөд, NBA-д хөл тавьсан… Дэлгэрэнгүй …

Токио 2020: Боксын эрх олгох тэмцээнд оролцсон 6 хүнээс корона вирус илэрчээ

Английн Лондон хотод “Токио 2020” олимпын эрх олгох боксын тэмцээнд оролцсон зургаан хүнээс корона вирусын халдвар илэрлээ. Туркын боксын холбооноос… Дэлгэрэнгүй …