Теннис: Мария Шарапова их спортоо орхих уу

1926

ОХУ-ын нэрт теннисчин, Их Дуулгын таван түрүүтэй Мария Шарапова ирэх жилийн Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эсэхээ мэдэхгүй, ирээдүйдээ итгэлтэй биш байгаа гэдгээ ярьсан юм.

Их Дуулгын таван түрүүтэй, үүнээс 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Мария Шарапова өнөө жил эхний тойрогт Хорватын теннисчин Донна Векичд 6:3, 6:4-өөр хожигдсон. Тэрбээр мөрний гэмтлийн улмаас өнгөрсөн есдүгээр сард өндөрлөсөн Америкийн нээлттэй тэмцээнээс хойш ердөө хоёрхон удаа талбайд гарсан билээ.

Уг тоглолтын дараа сэтгүүлчид түүнээс дараа жилийн Их Дуулгад оролцох зорилго байгаа эсэхийг асуухад тэр ирээдүйдээ итгэлтэй биш байгаагаа хэлсэн аж.

Өдгөө 32 настай, орос бүсгүй энэ жилийн тэмцээнд цагаан хуудсаар оролцсон. Өөрт нь ийм том хүндэтгэл үзүүлсэн зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлээд дараагийн 12 сард юу болохыг хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ.

М.Шарапова 2003 оноос хойш Австралийн нээлттэй тэмцээнд хүч сорьсон бөгөөд замналдаа гурав дахь удаагаа эхний шатанд хожигдлоо. Түүнчлэн сүүлд оролцсон гурван Их Дуулгад дараалан ялалт авч чадаагүй юм.