Талбайн теннис: Новак Жоковичийн 17 дахь түрүү

1864

Сербийн нэрт теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө Австрийн залуу од Доминик Тимийг 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4-өөр илт давуу илүүрхэж, ногоон тивд найм дахь цомоо өргөсөн юм.

Серб эр Их Дуулгад 17 дахиа түрүүлж, алдарт Рожер Федерер (20), Рафаэль Надаль (19)-ын дараагаар түүхэнд гуравдугаарт жагссан хэвээр байгаа бол Австралид хамгийн олон түрүүлсэн амжилтаа нэгээр ахиулсан юм. Түүний араас Рой Эмерсон, Р.Федерер нар ижил зургаа түрүүлсэн байдаг.

Түүнчлэн энэ тэмцээнд түрүүлснээр Н.Жокович маргаашнаас дэлхийн чансааг тэргүүлж эхэлнэ.

Доминик Тим

Талбайн теннисний Их Дуулгад гурван хүн ноёрхоод удаж буй. Ирэх тавдугаар сард 33 нас хүрэх Н.Жокович болон Испанийн Рафаэль Надаль нар 30+ наснаасаа хойш ижил таван Их Дуулга хүртсэн бол өдгөө 38 настай Рожер Федерер дөрвөн цом авсан билээ.

Түүнтэй түрүү булаалдсан Доминик Тимийн хувьд энэ жил 26 настай. Тэрбээр сүүлийн хоёр жил дараалан Францын нээлттэй тэмцээний финалд Рафаэль Надальд хожигдсон билээ.

Тэгвэл энэ удаад хатуу корт дээр анх удаа финалдаж, агуу аваргад нь хожигдлоо.

Тэрбээр олон жил дасгалжуулсан Гюнтер Бресникээ халж, Чилийн иргэн, олимпын аварга болж байсан Николас Массутай хамтран ажиллах болсон юм. Ингэснээр тэр зөвхөн шороон талбайд гялалздаг байхаа больж, хатуу талбайд ч амжилт үзүүлээд эхэлсэн.

Сербийн Н.Жокович, Австрийн Д.Тим нар

Н.Жокович энэ тэмцээнд түрүүлснээр гурван арванд аваргалсан анхны эрэгтэй теннисчин болов. Түүнээс өмнө зөвхөн эмэгтэйчүүдийн ангилалд Мартина Навратилова, Серена Уильямс нар ийм амжилтад хүрч байсан юм.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Их Гурвал” нийлээд сүүлийн 13 Их Дуулгыг хүртлээ. 2016 онд Швейцарийн Стан Вавринка түрүүлснээс хойш тэднээс өөр хүн цом өргөсөнгүй. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн ангилалд 11 шинэ аварга төрсөн юм.