Бокс: Энтони Жошуа Кубрат Пулевтай тулалдана

1592

Их Британийн боксчин, хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа аваргаа хамгаалах тулаанаа ирэх зургадугаар сарын 20-нд хийхээр боллоо.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард WBA, IBF, WBO холбооны аваргын бүсээ буцаан авсан Энтони Жошуа Лондон хотод аваргаа хамгаалах тулаан хийхээр болжээ. Тодруулбал, “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэхэд 38 настай болгар тулаанч Кубрат Пулевтай тулна.

Э.Жошуа хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сард Англид тулаан хийж, Александр Поветкинийг ялсан билээ.

Э.Жошуа өмнө нь К.Пулевтай тулалдахаар бэлтгэж байлаа. Тэд 2017 оны аравдугаар сард Кардифф хотод тулаанд бэлдэж байсан ч тулаан болохоос 12 хоногийн өмнө болгар эр мөрөндөө бэртэл авсан тул Карлос Такам рингэнд гарсан юм.

Э.Жошуагийн промутер Эдди Херн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө саяхан WBC холбооны аварга болсон Тайсон Фюриг Э.Жошуатай тулалдах тухай ярилцаж байгааг мэдэгдсэн. Магадгүй К.Пулевтай хийсэн тулаанд ялвал түүний дараагийн өрсөлдөгч нь нутаг нэгт Т.Фюри байх магадлал өндөр юм.

Гэхдээ Т.Фюрид ялагдсан америк тулаанч Деонтай Уайлдер гурав дахь тулааныг хүсч байгаагаа мэдэгдсэн билээ.