Намсрайжавын Батсуурь улсын аварга боллоо

2767

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ.

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх улсын арслан Н.Батсуурь улсын аварга цолны болзол хангаж байна.


Ийнхүү сүүлийн 12 жил дараалан баяр наадмын түрүүг 12 өөр бөх авсан гэдэг үзүүлэлтэд цэг тавьж, улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь хоёр дахиа түрүүлэв. Тэрбээр өмнө нь улсын харцага цолтойдоо буюу 2014 оны наадамд түрүүлж, улсын арслан цолтны эгнээнд багтаж байлаа.

Харин энэ удаад дахин түрүүлснээр Монгол Улсын 23 дахь аваргаар тодорчээ. Аваргуудыг цолоор нь ангилвал Н.Батсуурь улсын аварга болж буй 10 дахь бөх нь аж. Одоогоос хоёр жилийн өмнө Ч.Санжаадамба 31 насандаа 10 даван түрүүлж, энэ цолд хүрч байлаа.

Сонирхуулахад, Монгол бөхийн түүхэнд Мөнхбат нэртэй хоёр аварга байдаг бол одоо Батсуурь нэртэй хоёр аваргатай боллоо. Дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онд дараалан түрүүлж, улсын аварга цолтой болсон ч хожим 1957 онд 8 давж үзүүрэлэхэд нь даян аварга, 1963 онд зургаа давахад нь дархан аварга цол олгож байлаа.

Бөхийн дүйз 7-гийн даваа

У.АВ Ч.Санжаадамба4 (Ар) А.А1 Ш.Мөнгөнбаатар92 (Сү)
У.АВ С.Мөнхбат5 (Ув) А.А Т.Бэгзсүрэн125 (За)
У.АР Н.Батсуурь7 (Ув) А.А2 Н.Золбоо89 (БХ)
У.АР Ц.Содномдорж12 (Хө) У.З Н.Жаргалбаяр27 (Сэ)

8-ын даваа

У.АВ Ч.Санжаадамба4 (Ар) У.АВ С.Мөнхбат5 (Ув)
У.АР Н.Батсуурь7 (Ув) У.З Н.Жаргалбаяр27 (Сэ)

9-ийн даваа

У.АВ Ч.Санжаадамба4 (Ар) У.АР Н.Батсуурь7 (Ув)