Барселона 0:3 Ювентус: Роналду Камп Ноуд ноёрхов

12/09/2020 Нийтлэгч: 1140

Криштиану Роналдугийн хоёр пенальти, Уэстон Маккеннигийн акробат гуядалт “Камп Ноу”-д явагдсан Барселона – Ювентусын тоглолтын үр дүнг шийдлээ. Ювентус 3:0-ээр ийнхүү хожиж G хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байгаа бол Барселона хоёроор цааш шалгарч хүнд сугалаа татахаар болов.

Роналду – Мессигийн хоёр жилийн дараах “уулзалт” гэдгээрээ энэ тоглолт олны анхаарлын төвд байлаа. Хоёр клубээс аль талд нь жинхэнэ “GOAT” байгаа тухай твиттерт өрнүүлсэн ёж дайралтууд ч тоглолтын хүлээлтийг ихэсгэсэн.
10 сарын 28-нд Барсаг Туринд зочлоход Роналду Ковид 19-н улмаас талбайд гараагүй юм. Тус учраанд Дембеле, Месси гоол хийн Барса 2:0-ээр хожиж байв. Хожлынхоо дараа Барса твиттертээ “GOAT-г та нар өөрийн талбайдаа харсандаа баяртай байгаа байх” гэж жиргэсэн.

Харин энэ удаа Ювентус “Та нар буруу толь бичиг ашигласан бололтой. Жинхэнэ GOAT-ыг өнөөдөр Камп Ноуд та нар харлаа” гэж хариугаа авсан.

Барсагаас Пике, Дембеле, Ансу Фати, Сержи Роберто нар бэртэлтэй байсан учир дасгалжуулагч Куман – Сержиньо Дест, Рональд Араухо, Тринкан гэсэн залуу тоглогчдод боломж олгон талбайд гаргасан. Харин зочин багаас Кьеллини, Мерих Демирал нар байсангүй.

Араухо 13 дахь минутанд эсрэг талдаа пенальти өгч Роналду амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүлэл авчирсан. 7 минутын дараа Ювентусын багийн ажиллагаа үр дүнд хүрч Маккенни Куадрадогийн дамжуулалтаар үзүүштэй гоолыг бүртгүүлсэн юм. Аваргуудын лигт Барса талбайдаа эхний 20 минутанд хоёр гоол алдаж байгаа анхны тохиолдол энэ юм байна. 22 настай дээрх Америк залууг Юве өнгөрсөн зун Шалькегээс зээлээр авчирсан юм.

Месси үүний дараа хариуг нь барихаар хэд хэд оролдсон ч Буффон туршлага заан хаалгаа хуурай байлгасан.

Маккенни Мессиг 16 дотор унагасныг торгуулийн цохилт гэж талбайн эзэд маргасан ч шүүгч тэдний талд шийдвэр гаргасангүй. Улмаар 52 дахь минутанд Лангле бөмбөгөнд гар хүрснийг шүүгч VAR ашиглан хянаад Ювентуст энэ өдрийн хоёр дахь пенальтийг өгөв. Харин шүүгч Ланглед хоёр дахь шарыг нь өгөлгүй “харж үзсэн” (31 дэх минутанд шар хуудас аваад байсан). Роналду дубль хийх боломжоо алдаагүй юм.
Барса 2016 оны 11 сараас хойш Аваргуудын лигийн хэсгийн шатанд хожигдоогүй байсан нь ийнхүү төгсгөл болов. (25 тоглолт) Мөн Ювентус Камп Ноуд гурван гоол хийсэн анхны италийн баг боллоо.

Энэ хооронд Динамо Киев Унгарын Ференцварошийг 1:0-ээр хожиж хэсгийн гуравт бичигдэв. Тэд европын аяллаа цааш Европа лигээр үргэлжлүүлнэ. Киевийн “Олимпийский” цэнгэлдэхэд явагдсан тоглолтын цорын ганц гоолыг Денис Попов оруулсан.

РОНАЛЬД КУМАН (Барселонагийн дасгалжуулагч):
“Бид тоглолтыг эхний 30 минутанд алдчихлаа. Манай хамгаалалт тааруу байснаас гадна дундын шугам хангалттай шийдэмгий байж чадсангүй. Харин Ювентус эсрэг талд бүхнийг зөвөөр хийсэн. Ялалт авах бүрэн эрхтэй тоглолоо”

“Эхний торгуулийн цохилтыг би маргаантай гэж үзэж байна. Тийм зүйлд пенальти зааж байгаа бол Месси дээр гаргасан зөрчилд ч пенальти өгөх ёстой байсан юм”

“Бид Ювентустай хоёр тоглосныг мартаж болохгүй. Туринд манайх 2-0-ээр хожсон. Манай гаргасан бүрэлдэхүүнд залуус олон байсан учир сайн хичээл болсон байх. Тэд хойшид өөрсдөдөө итгэлтэй, зоригтой тоглох хэрэгтэй”

АНДРЕА ПИРЛО (Ювентусын дасгалжуулагч):
“Дербигийн ялалтын эрчимээ (12 сарын 5-нд Ториног 2:1-ээр хожсон) алдалгүй ээлжит нэгэн хожлоо бид авлаа. Төвлөрөл, тууштай, шийдэмгий чанар байхад үр дүн үргэлж гардаг”

“Маккенниг урагш сайн явуулж, дундын шугаманд тэдний хоёр хагасыг өөрсдийн гурваар ноёрхох төлөвлөгөөг бид боловсруулаад байсан. Энэ маань ч үр дүнгээ өгч олдсон гоолын боломжоо залуус маань сайн ашиглалаа”

“Мөнхийн өрсөлдөгчийнхөө эсрэг Роналду энгийнээс илүү хичээх нь ойлгомжтой байсан. Түүнийг ийм сэтгэл зүйтэй байхад зогсооно гэдэг хэцүү. Энэ хожил чимээ дуулиантай ч гэсэн улиралд олон тоглолт байгаа. Сери А гэсэн гол байгаа бид нар умартаж болохгүй. Түүндээ төвлөрч, тогтвортой формыг үүсгэх нь чухал”

Барселона (Испани) 0 : 3 Ювентус (Итали)

Роналду, 13-пен, 52-пен, Маккенни, 20

“БАРСЕЛОНА” (Испани): тер Штеген, Араухо, Лангле, Дест, Альба, Пьянич, де Йонг, Тринкау, Месси, Педри, Гризманн.

“ЮВЕНТУС” (Итали): Буффон, Де Лигт, Бонуччи, Данило, Артур, Маккенни, Алекс Сандро, Куадрадо, Рэмси, Роналду, Мората.

Сүүлд нэмэгдсэн

Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Азийн АШТ болж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчид хошой алт, дөрвөн мөнгө, нэг… Дэлгэрэнгүй …

ЕАШТ-2020 арван хоёр өөр улсад болно

Хөлбөмбөгийн ЕАШТ цар тахлын улмаас бүтэн жил хойшилсоны эцэст энэ оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд буурал тивийн… Дэлгэрэнгүй …

Тулаанд зөвхөн бүргэдүүд нисдэг

Тивийн хоккейн лигийн Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын долоо дахь тоглолтод Казаны “Ак Барс” Омскийн “Авангард” багт хожигдлоо.  Цувралын өмнөх… Дэлгэрэнгүй …

Уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ

Японы Осака хотод VII удаагийн уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Канад, Итали, ОХУ, Франц, Япон гэсэн… Дэлгэрэнгүй …

ЛаМаркус Олдриж сагсан бөмбөгөө орхилоо

“Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.” “Брүүклин Нэтс” багийн довтлогч… Дэлгэрэнгүй …