Гадны үзэгчдэд хориг тавилаа

1119

“Токио 2020” олимпын зохион байгуулах хорооноос цар тахлын хүнд цаг үед гадны үзэгч хүлээн авахгүй байх шийдвэр гаргалаа.

Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газрын төлөөлөгч зэрэг таван тал оролцсон видео хурлын дараа “Токио 2020” нээлтээ хийхээс дөрвөн сарын өмнө ийм шийдвэр гаргалаа.

Олимпыг зохион байгуулах хорооны албан ёсны мэдэгдэлд энэ талаар дурдсан бөгөөд үзэгчдийн тасалбарын мөнгийг буцаан олгох аж.

Цахим хуралд ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Паралимпын хорооны Ерөнхийлөгч Андрью Парсонс, Токио хотын захирагч Юрики Койкэ болон Японы олимпын сайд Тамаёо Марүкава нар оролцсон юм.

Японд цар тахлын аюул бусад улс орнуудтай харьцуулахад бага боловч нутгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгаар олимпыг зохион байгуулснаар цар тахлын тархалтыг улам эрчимжүүлэх эрсдэл бий гэж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн уг видео хурал дээр Японы Засгийн төлөөлөгчид гадны үзэгчид хүлээн авах боломжгүй гэх дүгнэлт хийснээ танилцуулсан байна.

Үүгээр ч зогсохгүй гадаадаас сайн дурын ажилчид авчрах боломжгүйг мэдэгдсэн. Олимпын наадмын үеэр ойролцоогоор 80 мянган сайн дурынхан ажиллах бөгөөд үүний 10 орчм хувь нь гадны иргэд байхаар төлөвлөж байжээ. Зөвхөн цөөн тооны, тодорхой шаардлага хангасан хүмүүсийг л авч үлдэхээр болсон юм.

Олимпыг зохион байгуулах хорооноос ирэх дөрөвдүгээр сард тэмцээн болох газар болон цар тахалтай холбоотой зарим нэг шийдвэр гаргахаар дахин хуралдана.

Цар тахлаас өмнө буюу өнгөрсөн оны гуравдугаар сард зохион байгуулагчид нийт борлуулагдсан тасалбараас 90 тэрбум иен (ойролцоогоор 826 сая ам.доллар) олох боломжтой гэж тооцож байв. Нийт зарагдах тийзний тоог зарлаагүй ч зарим эх сурвалжийн мэдээллээр 9 саяас дээш байх төлөвтэй байжээ. Зохион байгуулах хорооны гаргасан тооцоогоор нийт 4.45 сая тасалбар зарагдсан ч өнгөрсөн онд 810 мянган хүн тасалбараа буцаах хүсэлт тавьсан юм. Үүнээс ойролцоогоор нэг сая орчим тасалбарыг гадаадын үзэгчид худалдана авсан гэж таамагладаг байна.