Олимпод оролцох тамирчдаас өдөр бүр PCR шинжилгээ авна

1549

Токиогийн олимп болон паралимпийн наадамд оролцох тамирчдыг өдөр бүр коронавирусыг эрт илрүүлэх шүлсний шинжилгээнд хамруулах талаар судалж буйг албаны хүмүүс мэдээллээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Японы Засгийн Газар болон наадмын зохион байгуулагчид тамирчдад зориулсан гарын авлага гаргасан. Энэхүү гарын авлагад зааснаар дөрвөн хоногт нэг удаа коронавирусын шинжилгээнд хамруулна гэж байлаа. Гэвч өнөөдрийн байдлаар мутацид орсон халдварын хувилбарууд олширч, эрсдэл ихтэй байгаа учир тамирчдын шинжилгээний давтамжийг нэмж, өдөр бүр шүлсний шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа ажээ.

Японы эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирусын дөрөв дэх давалгаа ирж буйг анхааруулж буй. Гэвч тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга болон олимпын наадмын албаны хүмүүс наадмаа товлосон хугацаандаа буюу долдугаар сарын 23-ны өдөр нээнэ гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ. ОУОХ болон Японы Засгийн Газар олимпын наадмыг ямар зохион байгуулалттай явуулахаа төлөвлөж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр олимпийн үеэр мөрдөх журмын хоёр дахь гарын авлагыг танилцуулах гэнэ.

Токиогийн олимп болон паралимпийн наадамд оролцох тамирчид “Харүми” хэмээх далайн эргийн бүсэд байрлах дүүрэгт байх бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус тосгонд тамирчдаас шинжилгээ авах, сорьц цуглуулах төвийг байгуулах бололтой

Хэрэв тамирчид халуурах, ханиалгах гэх зэрэг вирусын шинж тэмдэг илэрвэл тухайн тосгонд байрлаж буй эмнэлэгт хамрын хөндийн арчдас буюу PCR шинжилгээг авна. Шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг шууд тусгаарлах юм.