Австрийн Линц хотод болсон WTA-гийн тэмцээнд АНУ-ын залуу од Коко Гауфф түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ.

Дөнгөж 15 настай Коко Гауфф насанд хүрэгчдийн ангилалд WTA-гийн анхны цомоо хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Латвийн Елена Остапенког 6:3, 1:6, 6:2-оор буулган авснаар дэлхийн чансааны 75 руу өгсөх нь тодорхой болов.

Түүнд энэ ялалт амар ирээгүй. Урьдчилсан шатанд Германы Тамара Корпашт ялагдаад гэртээ харих тун дөхсөн. Аз таарч үндсэн оролцогчдоос нэг хүний орон тоо гарснаар К.Гауфф тэмцээнийг үргэлжлүүлэх боломжтой болжээ.

Коко Гауфф энэ жил 15 настай

Ингээд эхний тойрогт Швейцарийн Штефани Фёгеле, хоёрын даваанд Украины Катрина Козловаг дараалан ялж, улмаар дэлхийн чансааны наймдугаарт жагсдаг Нидерландын Кики Бертенстэй шөвгийн наймд таарсан юм. Энэ тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр чансаатай К.Бертенст ялалт юу юунаас илүү хэрэгтэй байв. Учир нь тэр энэ тэмцээнд түрүүлж, чансаагаа хадгалж үлдвэл оны сүүлд зохион байгууллагддаг, шилдэг найман теннисчний финалд өрсөлдөх эрхтэй болох байлаа.

Гэхдээ К.Гауфф басаад байх амар өрсөлдөгч биш гэдгээ харуулсан. Тэр хашир туршлагатай теннисчинг хоёр сэтэд буулган авсан юм. Ийнхүү К.Гауфф анх удаа дэлхийн чансааны топ 10 дотор багтаж буй тамирчинг буулган авлаа.

К.Бертенсийг ялснаар анх удаа топ 10-т чансаатай теннисчинг хожсон

Хагас шигшээд Германы Андреа Петковичийг ялснаар 2004 онд Ташкентийн тэмцээнд 15 насандаа түрүүлсэн Николь Вайдисовагаас хойш финалдсан хамгийн залуу тоглогч болсон юм.

Сонирхуулахад, энэ тэмцээнд түрүүлснээр К.Гауфф 43 мянган ам.долларын урамшуулал авах юм.

WTA холбооны түүхэнд хамгийн залуудаа цом хүртсэн эмэгтэй тамирчид

  1. Трэйси Аустин – 14 нас, 0 сар, 28 хоног (1977, Портлэнд)
  2. Кэйти Риналди – 14 нас, 6 сар, 24 хоног (1981, Кюүто)
  3. Женнифер Каприати – 14 нас, 6 сар, 29 хоног (1990, Пуэрто Рико)
  4. Андреа Яггер – 14 нас, 7 сар, 14 хоног (1980, Лас Вегас)
  5. Мирьяна Лушич Барони – 15 нас, 1 сар, 25 хоног (1997, Бол)
  6. Николь Ваидисова – 15 нас, 3 сар, 23 хоног (2004, Ванкувер)
  7. Моника Селес – 15 нас, 4 сар, 29 хоног (1989, Хьюстон)
  8. Габреаль Сабатини – 15 нас, 5 сар, 2 хоног (1985, Япон)
  9. Коко Гауфф – 15 нас, 7 сар (2019, Линц)
  10. Анке Убер – 15 нас, 8 сар, 22 хоног (1990, Скенектади)